Д.Анхбат: Улаанбаатарт үнэртэж буй лагийн үнэр хүний биед хоргүй, гэхдээ байж болохгүй зүйл

Д.Анхбат: Улаанбаатарт үнэртэж буй лагийн үнэр хүний биед хоргүй, гэхдээ байж болохгүй зүйл

Өнөөдөр /2019.05.27/ БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат Улаанбаатар хотод үнэртэж буй Төв цэвэрлэх байгууламжийн үнэр юунаас болж гарч буй талаар мэдээлэл өглөө.

ТАВДУГААР САРЫН 20-25-НЫ ӨДРҮҮДЭД 44,25 ДУГААР КАРТУУДЫГ 100 ХУВЬ ЦЭВЭРЛЭЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ ДУУССАН

Сүүлийн гурав хоног Улаанбаатар хотод өмхий үнэр үнэртэж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотыг Шинэ цэвэрлэх байгууламжийг барих тогтоол Засгийн газраас гарсан. Үүний бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын одоо ажиллаж буй хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хажууд нь хадгалагдаж буй лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, зайлуулах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил эхэлсэнтэй холбоотой үнэр гарч байна.

Энэ үнэр өдөр тутам гарч буй 1200м.куб түүхий лаг болон одоо хуримтлагдсан лагийн үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэхтэй холбоотой. Лагийг халдваргүйжүүлэх ажил 2018 оны зургадугаар сарын 20-ноос эхэлсэн. 2018 онд 183 мянга 600 м.куб түүхий лаг, хуримтлагдсан 241.164 м.куб лагийг цэвэрлэсэн.

2019 оны цэвэрлэж, халдваргүйжүүлэх лагийн ажлыг хоёр үе шаттай явуулна. Эхнийх нь тавдугаар сарын 20-нд эхлээд зургадугаар сарын 29 хүртэл үргэлжилж, зөвхөн картанд байгаа түүхий лагийг үнэргүйжүүлж халдваргүйжүүлэх юм. Үүний дараа долдугаар сарын 16-наас хуримтлагдсан хур лаг руу орж 10 дугаар сарын 01 хүртэл хийж гүйцэтгэх ёстой. Ингээд Засгийн газрын тогтоолын дагуу бид хийж дуусгана.

Тавдугаар сарын 20-25-ны өдрүүдэд 44, 25 дугаар картуудыг 100 хувь цэвэрлэж халдваргүйжүүлж дууссан, одоо ахиад дөрвөн карт дээр ажиллаж байна. Энэ хуримтлагдсан картын лагийг задлаад, машин механизм оруулахаар тодорхой хэмжээнд үнэр гарч байна. Энэ нь салхины чиглэл хурдаас шалтгаалан Улаанбаатар хотын төв рүү орж байгаа юм. Үүнийг 2018-2020 оны хооронд дуусгах ёстой, энэ дагуу бид маш шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Дээрх лаг халдваргүйжүүлэх ажлыг Япон эрдэмтдийн технологи, Монгол эрдэмтдийн гаргаж авсан бүтээгдэхүүн, технологийг ашиглаж хийж байна. Уг лагийн үнэр нь хүний биед хортой биш, гэхдээ байж болохгүй зүйл.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө