Д.Тогтохсүрэн: Манай нам 2024 оноос сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналтай байгаа

Д.Тогтохсүрэн: Манай нам 2024 оноос сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналтай байгаа

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан.  Бэлтгэл ажлын явцын талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд зарчмын гурван санал тавьж байгаа. Та бүхэн санал нэгдсэн үү?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг гаргасан. МАН-ын бүлэг энэ саналыг  хүлээж авахгүй. Ард түмний сонголтыг парламент авч болохгүй. Өөрөөр хэлбэл ард түмний эрхийг авч болохгүй.

-Сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн гэсэн. Энэ талаар?

-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудлаар ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.

-Холимог тогтолцоогоор сонгууль явуулбал намын нэрээр орж ирдэг гэсэн шүүмжлэл байгаа?

-Пропорцианаль өөрөө хоёр янз. Хүн дугуйлах, нам дугуйлах уу гэдэг асуудал яригдана.

-Ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн үг үү?

-Манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бол 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн саналтай байгаа. Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой. Хамгийн гол нь Үндсэн хуулиа батлах чин хүсэлтэй байх ёстой.