СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурганд төөрсөн хоёр иргэн осгож нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурганд төөрсөн хоёр иргэн осгож нас баржээ

Сүүлийн өдрүүдэд Нийслэлд болон хөдөө орон нутгуудад хүйтний эрч чангарч цасан шуурга шуурч байгааг цаг агаарын мэдээллээс бид өдөр тутам авсаар байгаа билээ. Хөдөө орон нутгийн иргэд малаа хариулахаар гараад шуурганд төөрч ор сураггүй алга болох, осгож нас барах, хүнд хэлбэрийн хөлдөх зэрэг тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд та бүхний болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, үргэлж анхаарал болгоомжтой байхыг сануулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэв.

Арваннэгдүгээр сарын 14 цагийн орчимд Дундговь аймгийн нутагт малдаа явахаар гараад гэртээ эргэн ирээгүй хоёр иргэн осгож нас барсан байсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар багаас урд зүгт 4 орчим км-н газарт хоёр хүн осгосон байдалтай нас барсан байжээ.

Урьдчилсан шалгалтаар осгож нас барсан талийгаач эрэгтэй 39 настай Б нь Сайнцагаан сумын тавдугаар багт оршин суудаг байсан аж. Харин 57 настай Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын долдугаар багт оршин суудаг байжээ. Осгож нас барсан хоёр иргэн гэрээсээ малдаа гарлаа хэмээн гараад ор сураггүй болсон байсан бөгөөд цасан шуурганд төөрсний улмаас ийнхүү амиа алджээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна.