С.Чинзориг : Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг бий

С.Чинзориг : Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг бий

Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Капитал банкинд байршуулсан тухай мэдээлэл цацагдсантай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Намайг сайдаар томилогдох үед Капитал банкинд 228.1 тэрбум төгрөг байсан. Үүнээс 20 тэрбум нь хадгаламж байсан. Би ажлаа авснаас хойш Капитал банкинд нэмж хөрөнгө байршуулаагүй. Капитал банкинд байршуулсан  79 тэрбум төгрөгийн гэрээ дууссан учраас буцааж татахаар шийдвэрлэсэн. Харин УИХ-ын Байнгын хорооны чиглэлээр 2018 оны зургадугаар сард хадгаламж үүсгэж хадгалуулах шийдвэр гаргасан. Тухайн үед  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн. Ажлын хэсгийнхний дүгнэлтийг  байнгын хороогоор хэлэлцэж, чиглэл гарсан. Тиймээс Капитал банктай мөнгө байршуулах гэрээгээ сунгасан. Энэ гэрээний хугацаа 2018 оны арванхоёрдугаар сард дууссан. Үүнээс хойш мөнгийг буцааж татах талаар шаардлага шүргүүлж явсаар байтал Капитал банк дампуурсан юм. Одоо үндсэн хөрөнгийг авах талаар холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэлээ. 

Мөн тэрээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн асуудалтай холбогдуулан тайлбар хийхдээ "АТГ-аас албан бичиг ирсэн. Зээл олгохдоо үнэлгээний хорооры хурал хийгээгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан тухай мэдээлэл ирсэн учраас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Нямдаваа нарыг албан үүргээс нь түдгэлзүүлэх талаар албан бичиг ирсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа" гэж хэлсэн юм.

Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Нийгмийн даатгалын сан Капитал банкнаас яг хэдэн төгрөгийн авлагатай байгаа вэ?

-105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг заавал арилжааны банкуудад байршуулах ёстой юу. Өөр ямар арга зам бий вэ?

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулдаг гурван арга бий.

  1. Монголбанкны үнэт цаас худалдан авах,
  2. Засгийн газрын бонд худалдан авах,
  3. Арилжааны банкуудад хүүтэй байршуулах юм. 

Хувь хүнийхээ хувьд би нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад мөнгө байршуулж өсгөхөөс илүүтэйгээр энэ сангийн хөрөнгө эрсдэлгүй байх ёстой гэж боддог. Мөн хяналт чанд байх ёстой.

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг бий. Мөн 400 орчим тэрбум төгрөг арилжааны банканд байршиж байна. Үүнийг ХААН банк, Төрийн банканд хуваан байршуулсан.

Ирэх оноос Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр Монголбанкны үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа Монголбанкнаас мэдэгдээд байгаа. Тиймээс он гараад НДС-гийн мөнгөөр зөвхөн Монголбанкны үнэт цаасыг худалдан авах чиглэлд орно. Хүү нь бага зэрэг буурна. Гэхдээ өндөр хүүгийн хойноос явах биш эрсдэлгүй байхад анхаарах нь зөв. 

Арилжааны банкуудад НДС-гийн мөнгийг байршуулснаар жилд 60-70 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олдог. 

-2018 онд Капитал банкны байдал хүндэрсэн тухай мэдээлэл иргэдийн дунд гараад байсан. Энэ үед нь НДС-гийн мөнгийг татах боломж байв уу?

-Татах боломж хүнд байсан. 2017 оны 12-р сарын 26-нд 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ дуусахад мөнгөө татаж авах гээд 2018 оны 6-р сар хүртэл явсан.

Энэ хугацаанд нэг ч төгрөг авч чадаагүй. Зургаан сарын хугацаанд гэрээгүй явсан учир харилцах данснаас хадгаламж руу шилжүүл гэж чиглэл гарсан учир 2018 оны зугадугаар сард гэрээг сунгасан.