БАЙНГЫН ХОРОО: Дэлхийн банкны 12 САЯ ам.долларын зээлээр 5000 өрхөд зуух, цахилгаан халаагуур тараана

БАЙНГЫН ХОРОО: Дэлхийн банкны 12 САЯ ам.долларын зээлээр 5000 өрхөд зуух, цахилгаан халаагуур тараана

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.

-ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 1.25 ХУВЬ БАЙНА-

Уг санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн банкнаас 12 сая долларын зээлийг авч агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах аж. Бид өмнө нь тус банкнаас 15 сая долларын зээл авч агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан ч хэрэгжилтийн үр дүн муутай байсныг хуралдааны үеэр гишүүд онцолж байсан юм. Тухайлбал, санхүүжилтийн эхний 15 сая доллароор 2013-2015 онуудад гэр хорооллын 40 813 айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух тараасан. Мөн түүнээс өмнө “Цэвэр-Агаар” төслийн маш их мөнгийг салхинд хийсгэсэн гэж байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм.

Харин одоо авах 12 сая долларыг нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ. Мөн тус санхүүжилтийн 50 хувийг Эрчим хүчний яам захиран зарцуулж айлуудад утаагүй зуух тараах аж.

Дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна.Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  жилийн 1.25 хувь  байх аж.

-Ж.ЭНХБАЯР: 12 САЯ ДОЛЛАРЫГ ДАХИАД Л ТАРААГААД ДУУСНА.
ҮР ДҮН ГАРАХГҮЙ ШҮҮ-

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Дэд бүтцэд холбох 200 айл нь хаана байрлаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 50 хувийг200 айлд зарцуулна гэхээр нэг айлд 100 гаруй сая төгрөг оногдохоор байна. Хэдэн тэрбумаар өмнө нь халаагуур тарааж байсан. Утаа буураагүй. Тийм учраас түлш үйлдвэрлээд арай гайгүй болж байна. 5000 өрхөд тараах халаагуурыг хаана үйлдвэрлэсэн юм. Техник, эдийн засгийн үндэслэл нь гарчихсан юм бол зөвлөх компаниар яах гээд байгаа юм. Зуух тараахад 800 мянган доллароор зөвлөх авах нь ямар ач холбогдолтой юм. Зуухны үнэ чинь хаана байна. 800 доллароор юу асуух гээд байгаа юм. Та нар юу чадахгүй, мэдэхгүй байгаа юм гэсэн асуусан юм.

Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Одоогоор тендер зарлаагүй. Олон улсын тендер зарлана. Зураг нь батлагдсан 200-600 айл өрх бүхий бие даасан дэд бүтцийн төв байгуулна. Нийт 50 байршил байна. Нэмэлт төсөл шийдэгдсэний дараа байршил тодорхой болно. Одоогоор бид судалгаагаар 50 байршлыг тодруулаад өгсөн байна. 800 доллар зөвхөн ажиллах нэгжийн зардал л байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Санхүүжилтийн 50 хувийг нь Эрчим хүчний яам аваад 5000 айлд зуух өгөх юм байна. Үлдсэн 50 хувиар нь 200 айлд дэд бүтэц өгөх юм байна. Яагаад ингээд юмыг тараадаг юм бэ. Үр дүн яаж гарах юм. Үр ашиггүй ээлжит зээл болох ажил байна. 200 айлаа нэг газраа төвлөрүүл гэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн юм.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө