НДШ-ийг нэмсэн заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

НДШ-ийг нэмсэн заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авлаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилгад хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн, төсөвтэй хамт баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Хориг тавих тухай бичгийг ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганд танилцуулсан юм.

УИХ-ын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо эл асуудлыг мягмар гарагт хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхтэй холбоотой заалтад тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн байна. Харин 386 барилга арга хэмжээний зардал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн шийдвэрлэжээ. Энэ талаарх  ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэ, С.Чинзориг, Н.Учрал, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд аймаг нийслэлийн ИТХ төсвөө хэлэлцээд баталчихсан, одоо сумдын ИТХ хуралдаж байгаа энэ үед төсөвт хориг тавьж, дахин шинэчлэх боломж байхгүйг илэрхийлж байв.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахын дэмжлээ. Харин 386 барилга арга хэмжээний зардал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн аваагүй Байнгын хорооны саналыг дэмжлээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

14 цагийн өмнө