Обама сангийн манлайллын хөтөлбөрт Монгол улсаас дөрвөн залуу хамрагджээ

Обама сангийн манлайллын хөтөлбөрт Монгол улсаас дөрвөн залуу хамрагджээ

Арванхоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо Обама сангийн Ази, номхон далайн манлайлагчдын цугларалт болж өнгөрлөсөн байна. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлан, үүсгэн байгуулсан Обама сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд орон орны шинэ үеийн удирдагч залуусын холбоог үүсгэх, тэднийг хөгжүүлэх, удирдагч болгон бэлтгэх манлайллын хөтөлбөрүүд, охидын эрх, боловсрол зэрэг асуудлуудад анхааран ажилладаг. Энэ удаад анх удаа Ази, номхон далайн залууст зориулсан манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд нэг жилийн турш үргэлжлэх хөтөлбөрийн нээлт болгон Ази тивийн 33 орны 200 залуусыг шалгаруулан, 5 өдрийн турш чуулжээ.

Тус уулзалтад манай улсаас Д.Энхцэцэг, Д.Мөнхбат, Б.Мөнгөнхишиг, Б.Булганчимэг нарын дөрвөн залуу оролцсон байна.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюун өдгөө Солонгосын Инчеон хотноо төвтэй Дэлхийн Уур амьсгалын ногоон сангийн хамтын ажиллагаа, түншлэл хариуцсан захирлаар ажиллаж буй бөгөөд энэ удаагийн үйл ажиллагааны эхний хэлэлцүүлэгт зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнуудын Засгийн газруудыг татан оролцуулж, ажиллаж байгаа туршлагынхаа тухай хуваалцлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголчууд бидний нүүдлийн өв соёл биднийг эх дэлхийдээ ээлтэй амьдрах, хэтийдсэн хэрэглээнээс татгалзах том ухаан гэж боддог” хэмээн онцолсон юм гэж эх сурвалж мэдээлжээ.