ТОДРУУЛГА: Тэтгэврийн зээлийн зөрүүг тэгшитгэж ЗУРГААН САЯ төгрөгт хязгаарлая гэж ярьсан

2020-01-09 10:10

ТОДРУУЛГА: Тэтгэврийн зээлийн зөрүүг тэгшитгэж ЗУРГААН САЯ төгрөгт хязгаарлая гэж ярьсан

Энэ сарын 06-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд тусгагдсанаар бол зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж, үлдсэнийг нь зээдэгч өөрөө төлөхөөр хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар баталгаажууллаа. 

Тодруулбал, НББСШУБХ-ны хуралдаанаар ХНХ-ын сайд С.Чинзориг "ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Байгалийн баялгийн өгөөж болох Салхитын алт, мөнгөний ордны орлогоос нэг удаа төлөх хуулийн төслийг санаачилсан. НДС-гаас 2019 оны 12 сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авчээ. Тус сангаас тэтгэвэр авч буй иргэний 54.5 хувь нь буюу 220.6 мянган иргэн 757.6 тэрбум төгрөгийн зээлтэй байна" гэсэн юм. 

Эндээс үүдэж тэтгэврийн зээлтэй 229 мянган иргэний 91.5 хувь нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Тиймээс асуудлыг энэ хүрээнд шийдвэрлэж

  • Зээл төлөх дээд хязгаарыг 6 сая төгрөгөөр тогтоох
  • Тэтгэврийн зээлгүй иргэдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх асуудлыг төсөлдөө тусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиглэлийг байнгын хорооноос өгсөн юм.  

Өнөөдрийн байдлаар 230 гаруй мянган ахмад тэтгэврийн зээл авсан бөгөөд нэг ахмад настны зээлийн дундаж  хэмжээ 3.3 сая байгаа аж. Харин 10-15 сая төгрөгийн зээлтэй 10 мянга 800 хүн байгаа бол 15-20 сая төгрөгийн зээлтэй 3300, 20-с дээш сая төгрөгийн зээлтэй 1400 ахмад настан байгаа юм. 

Мөн уг мэдээлийг УИХ-ын гишүүн О.Батнасан баталгаажуулж хэвлэлд яриа өгчээ. Тэрбээр "Тэтгэврийн зээлийн зөрүүг тэгшитгэж зургаан саяар хязгаарлая гэж ярьсан. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын зээлийн дундаж хэмжээ 3.3 сая төгрөг. Ер нь төр аливаа зүйлд тэгш хандах ёстой. Тиймээс зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх нь зүйтэй" гэсэн байна. 

2020-01-08 10:53

ЗУРГААН САЯ ТӨГРӨГ хүртэлх тэтгэврийн зээлийг улсаас тэглэж, үлдсэнийг нь зээлдэгч өөрөө төлнө

Энэ сарын 06-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд анхаарал татах нэг асуудал байгаа нь зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж, үлдсэнийг нь зээдэгч өөрөө төлөх заалтыг тусгасан байна. 

Тодорхой хязгаар тавьсан энэхүү төслийг энэ долоо хоногоос байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх явцад өөрчлөгдөж магадгүй юм. 

Өнөөдрийн байдлаар 230 гаруй мянган ахмад тэтгэврийн зээл авсан бөгөөд нэг ахмад настны зээлийн дундаж  хэмжээ 3.3 сая байгаа аж. Харин 10-15 сая төгрөгийн зээлтэй 10 мянга 800 хүн байгаа бол 15-20 сая төгрөгийн зээлтэй 3300, 20-с дээш сая төгрөгийн зээлтэй 1400 ахмад настан байгаа аж. 

 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө