С.Өнөрсайхан: Хийжүүлсэн ундааг багаасаа хэрэглэсэн хүүхэд хорт зуршилд автах магадлал өндөр

С.Өнөрсайхан: Хийжүүлсэн ундааг багаасаа хэрэглэсэн хүүхэд хорт зуршилд автах магадлал өндөр

“Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Монголчуудын хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж түүнийг дагасан өвчлөл буюу шүд цоорох эмгэг, таргалалт, бодисын солилцооны өвчин чихрийн шижин, ясны сийрэгжилт, нойргүйдэлт нэмэгдсэн байна.

Ялангуяа НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар 5-11 насныхны дунд хийжүүлсэн ундааны хэрэглээ эрс нэмэгдсэн нь анхаарах асуудал болсныг хэлэлцүүлгийн үеэр эмч, судлаачид сануулж байлаа. Хүүхдээ уйлсан даруйд нь дэлгүүр рүү дагуулж орж ундаа уулгадаг монгол эцэг, эхчүүдийн зан эцэстээ юунд хүргэдэг талаар болон хийжүүлсэн ундааны хэрэглээ тойрсон асуудлаар НЭМҮТ-ийн төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхантай ярилцлаа.

-ХИЙЖҮҮЛСЭН УНДААНД ДОНТУУЛАГЧ БОЛОН ХОРТ ХАВДАР
ҮҮСГЭГЧ БОДИС АГУУЛАГДДАГ-

-Хийжүүлсэн ундааны найрлага болон хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөний талаар та мэдээлэл өгнө үү?

Хийжүүлсэн ундааны аюул, хөнөөлийн талаар дэлхий нийтэд ихээр бичигдэж, яригдаж буй ч хүмүүсийн хэрэглээ буурахгүй эсрэгээрээ өсөх хандлагатай байна.Сургуулийн орчинд зарахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад хийжүүлсэн ундааг оруулсан. Хориглоод байхад л хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүс их хэмжээгээр хэрэглээд байна. Яагаад хэрэглээд буй талаар хийсэн судалгаа ч олон улсад их бий. Тухайлбал, хийжүүлсэн ундааны гол агуулгыг бүрдүүлэгч CO2 буюу нүүрстөрөгчийн давхар исэл нь устай нийлэгжиж бөмбөлөг үүсгэж чихэрлэг таатай, сайхан мэдрэмжийг хүнд өгдөг. Энэ нь хүний дахин хэрэглээг бий болгоод байна. Хэрвээ хий нь гарчихвал хүмүүс уух дургүй болдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Тэгэхээр хэрэглээг өсгөх зорилгоор нүүрстөрөгчийн давхар исэлийг нэмдэг.

Мөн нөөшлөгч бодис буюу хадгалалтыг уртасгах зорилгоор нэмэлт бодис хэрэглэдэг.  Цаашлаад будагч бодисыг нэмдэг. Хадгалагч, будагч, хүчилдүүлэгч бодис зэрэг маш олон E төрлийн нэмэлтүүдийг нэмснээс болж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өдөрт ууж болох хэмжээнээсээ буюу 330 мл-ээс өндөр хэмжээтэй хийжүүлсэн ундаа хэрэглэхэд л сахарын хэмжээ зургаан халбага элсэн сахар хэрэглэсэнтэй тэнцүү нэмэгддэг. Мөн хийжүүлсэн ундаанд кофейны бодис ордог нь судалгаагаар нотлогдсон. Ундааг ууснаас 40 минутын дараа мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил таашаалыг хүн авдаг. Тэгэхээр донтох үзэгдэл илэрдэг. Энэ нь кофейны найрлагатай холбоотой.  Мөн фосфорын хүчил гэж бодисыг нэмэлтээр хийж өгдөг.  Энэ нь хүчилдүүлэгч болгох зориулалттай бодис юм.

Уг бодис нь шүдний пааланг гэмтээдэг. Кола ундаагаар зэв болон цусны толыг арилгадаг, цагдаагийн байгууллагууд угаагч бодисоор ашигладаг талаар ярьдаг. Энэ нь фосфорын бодистой холбоотой. Мөн будагч бодисын хэмжээ өндөр хэмжээтэй агуулагддаг. Нимбэгийн хүчлийн цуу ч их хэмжээгээр агуулагдаж байна. Энэ нь хавдар үүсгэгч гэдэг нь нотлогдсон. Хэрвээ цитрат цууны хүчлийг зохих хэмжээнд барьж байхгүй бол хавдар үүсгэдэг гэдгийг судалгаагаар нотолсон байгаа. Донтуулагч бодисын нөлөөгөөр зарим залуус хийжүүлсэн ундааг 2-3 литрийг ууж байна. Тэгэхээр энэ нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн нэг аюул нь сахарын агууламж буюу чихрийн найрлага байна. 1.5 литр колагаар дамжиж маш их хэмжээний сахар биед ороод таргалалт, чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийн хүчин зүйл болж буй учир зайлшгүй хэрэглээг хязгаарлах, хориглох шаардлагыг тавихаас өөр аргагүй байна.

-Монголчуудын хийжүүлсэн ундааны хэрэглээ ямар байгаа вэ. Энэ талаар нарийн судалгаа бий юу?

-АНУ-ын судалгаагаар америк хүний жилийн хэрэглээ 30 литр байна. БНХАУ-д арай өөр байна. Харин манай улсад нэг хүний жилийн хэрэглээ 22.8 литр байна гэсэн судалгаа бий. Хэрвээ хийжүүлсэн ундааны татварыг 20 хувиар нэмж өгвөл дээрх тоо 5 дахин буурна гэсэн судалгаа бий. НЭМҮТ нь 2017 онд хоол тэжээлийн үндэсний судалгааг тав дах удаагаа хийгээд тайлангаа хүргүүлсэн. Энэ судалгаагаар хийжүүлсэн ундаа болон чихэрлэг ундааны хэрэглээ маш өндөр байгаа нь нотлогдсон. Ялангуяа 5-17 насны хүүхдүүдийн дунд маш өндөр байна.

-ХҮҮХДИЙН СЭТГЭН БОДОХ ЧАДВАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ,
ОЙ ТОГТООЛТ МУУДАХ, ОЙЛГОЛТ УДААШИРДАГ-

-Хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүүхдийн биед яг ямар бодит өөрчлөлт гарах вэ?

-Хамгийн эхэнд таргалалт үүснэ. Фосфорын хүчлийг /Е-338/ төрөл бүрийн ундаанд хүчиллэгжүүлэгч болон ашигладаг бөгөөд фосфор нь  ясан дахь кальцийг татаж авдаг учир ясны сийрэгжилтэд өртөх шууд хүчин зүйл болно. Хийжүүлсэн ундааны найрлага дахь аспартам хэмээх бодис нь сахараас 160-220 дахин их чихэрлэг тул хийжүүлсэн ундаанд сахар орлуулагч нэмэлт бодис болгон хэрэглэдэг. Аспартамын генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс синтезлэх замаар гарган авдаг. 2-5 насны хүүхэд ундааг гэртээ хэрэглэдэг, аав ээж нь авч өгдөг.

Харин зургаагаас дээш насныхан сургуулийн орчинд чихэрлэг ундаа хэрэглэж байна. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, нойрсох хугацааг багасгадаг. Сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, ой тогтоолт муудах, ойлголт удаашрах сөрөг үр дагавартай. Дотоодын ундааны дундаж үнэ 1600 төгрөг бол импортын ундаа 6700 төгрөг байна. Үнэ хямд учир хэрэглээ өндөр байна. Багаасаа хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхэд насанд хүрээд хорт зуршилд автах магадлал өндөр байдаг. Хүмүүс тосны хоолны араас хийжүүлсэн ундаа ууж байгаа нь 1970 оноос хойш Монголд байгаагүй нойр булчирхайн өвчлөлийг бий болголоо.

-Энэ бүхнээс яаж сэргийлэх вэ?

Тиймээс гэр, сургуулийн орчинд ус уух боломжоор хангах, ундааны оронд сүү, цагаан идээг хэрэглүүлэх нь эрүүл мэндэд тустай. Мөн шууд хүүхдэд хүрэх сурталчилгааг багасгах шаардлага бий.

Өчигдрийн хэлэлцүүлгийн үр дүнд хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгах чиглэлээр бодлогын, олон нийтийн, судалгааны түвшинд шийдвэр гаргаж ажиллахаар боллоо.




ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ