Э.Бат-Үүл: Би нэр дэвшихгүй. Залуучууд ажлаа хийг, бидний олж өгсөн эрх чөлөөг алдах эсэхээ шийдэг

Э.Бат-Үүл: Би нэр дэвшихгүй. Залуучууд ажлаа хийг, бидний олж өгсөн эрх чөлөөг алдах эсэхээ шийдэг

Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний тамгын газрын дарга З.Энхболд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг нэр төрд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаад өгсөн. Цагдаагаас Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэж үзээд хоёр сая төгрөгөөр торгосон юм. Харин Э.Бат-Үүл уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд хандаад байна. Шүүх хурал хэдэнтээ зарлагдсан ч хоёр тал шүүгчээс татгалзсан болон бусад үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшилсон билээ. Ингээд уг шүүх хурлын эргэн тойрон дах асуудлаар Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. 

-ХАРААД БАЙХАД ШҮҮХ ХУРЛУУД З.ЭНХБОЛДЫН ТАЛД
ОРООД БАЙХ ШИГ БАЙНА-

-Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-ын дарга З.Энхболдын гомдлоор таньд Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгууль тавьсан нь үндэслэлтэй эсэх асуудлаарх шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор та өөрийн цахим хуудастааБи шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ гэж найдаж байнахэмээн бичсэн байсан. Чухам ямар утга агуулгаар та ингэж бичсэн юм бэ?

-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлэнэ гэж заасан байгаа.Баталгаатай эдлэнэ гэдгийг онцлон заасан байгаа шүү. Манайд энэ нь хамгийн их зөрчигддөг эрх. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах нэг гол нөхцөл нь хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь хуулийн дагуу,хуульд нийцэж, хуулийг ягштал баримталж явах ёстойд оршдог. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-ын дарга З.Энхболд нарын гомдлын дагуу намайг шалгахдаа эрх бүхий албан тушаалтан, прокурор хуулийг огт хэрэгссэнгүй.Тэд надаас мэдүүлэг авсангүй, өмгөөлөлөл авах эрхийг минь хангасангүй, тэгээд шууд худал мэдээлэл нийтэд тараасан гээд торгосон юм. Гомдол мэдүүлэгчдийн захиалгаар ажилласан гэлтэй.Тийм учраас шударга шүүхээр шүүлгэх эрхээ би шаардаж байгаа юм.

-Шүүх таньтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ гомдоллогч талд шийдвэр гаргачих вий гэсэн хардлага байгаа юм байна. Тийм үү. Шүүгч өөрийг нь томилдог Ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргаж чадахгүй бол яах вэ гэсэн хардлага надад бол байна?

-Хардлага байхаар барах уу. Өдий хүртэл эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх хуулийг огоорч дарга нарын талд л орлоо. Ядахдаа хуулийн дагуу мэдүүлэг авахуулчих хэрэгтэй шүү дээ. Хуулийн дагуу шалгаад гүтгэсэн болохыг минь тогтоочихвол би хуриуцлагаа хүлээхэд бэлэн.

-Өнөөдөр болох шүүх хуралд ЕТГ-ын дарга З.Энхболд өөрөө оролцоно гэж мэдэгдсэн юм билээ...?

-Хараад байхад шүүх хурлууд З.Энхболдын ая таалалд нийцүүлээд байх шиг байна.

-НАМАЙГ ТОРГОЖ, ЗОРИУД ТҮҮНИЙГЭЭ ОЛОН НИЙТЭД
ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ-

-Хууль хүчний байгууллагынхан таны иргэний эрхийг хангуулаагүй учраас та ингэж хэлээд байна уу?

-Би Ерөнхий сайд асан Энхсайханыг зохиомол хэрэг тулган баривчлах үед З.Энхболд прокурорын тодорхой албан тушаалтатай холбогдож байсан тухай мэдээлэл авсан юм. Энэ мэдээллийг би шалгуулахыг хүссэн юм. Тэгээд холбоо барьсан ямар нэг үйлдэл хийгээгүй бол би хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Мөн цагдаа нар надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Шууд л торгочихсон. Гомдоллогч талын хүсэлтээр хурлуудыг хойшлуулж, нэхэмжлэлийг нь хангаж байгаа.

-Өмнөх ерөнхийлөгчид гүтгэсэн гээд иргэнийг цагдаад өгч байсан асуудлыг бол би санахгүй байна. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч хэд, хэдэн хүнийг цагдаад өгөөд байна. Та төрд өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Олон түмнийг нэн ялангуяа хэвлэл мэдээллийг айлгах гэж байгаа юм.Тэгээд ч хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид айгаад эхэлсэн. Хуулийг мушгин гуйвуулаад намайг торгож, түүнийгээ зориуд олон нийтэд харуулж байгаа юм.

-Тэгээд ч Ерөнхийлөгч өөрөө биечлэн миний нэр төрд халдаад байна гэж гомдол гаргасан юм байхгүй юм байна лээ. Тамгын газрын дарга болон дэд дарга нь өмнөөс нь гомдол гаргаад байдаг. Ингэж гаргахдаа яг Ерөнхийлөгч гэдэг утгаар нь гаргаад байна уу. Иргэн Х.Баттулга гэдэг хүний өмнөөс гаргаад байна уу гэдэг нь огт ойлгомжгүй байгаа юм байна лээ. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Гомдол гаргасан албан тушаалтангууд өөрсдөө ч үүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа.

-З.ЭНХБОЛД ЧӨЛӨӨТ АРДЧИЛЛЫГ ХУМИЖ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ
ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ ХЭМЭЭХ ӨӨРИЙНХӨӨ ЗОХИОСОН
ЭРХ АШГИЙН ДОР БАЗАХ АВАХ ГЭЭД БАЙНА-

-Мөн энэ хэргийг хавтаст материалын заримыг нь засаж янзалсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Үнэн. Хамгийн наад зах нь хэрэг зөрчлийг 14 хоногийн дотор шалгаад ямар нэгэн хариу өгөх ёстой. Тэгэхгүй бол хэрэг хаагдах ёстой. Гэтэл эхний хугацаа дуусангуут 14 хоног сунгах эрхтэй байтал 30 хоног сунгаад хаахгүй явсаар байгаад торгочиж байгаа юм. Ингээд шүүх дээр очингуут өөрсдийнх алдаатай торгосон нь ил болонгуут арилгагчаар арилгачихсан байгаа юм. Тэгээд шүүх хурал дээр шүүх дээр шүүгчийн уншиж байгаа матертиал миний өмгөөлөгчид байгаа материалтай зөрөөд байдаг. Тэгээд яав аа гээд харсан дараад засчихсан. Тэр материалыг өмнө нь прокурор дээр очоод хуулбарлаж аваад хуулбар үнэн гэсэн тамга даруулсан байсан тулдаа манай өмгөөлөгчид байгаа хэргийг хуулбар нь нотлох баримт болж байгаа юм. Хэрэв тэгээгүй бол бид нар өөрөө эргээд прокурорыг гүтгэсэн хэрэгт орох нь байна шүү дээ. Тэгээд дээрээс нь нэг хуудсыг салгаад авчихсан байдаг. Тийм том алдааг зассан байна аа гээд прокурор хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ хэргийг засаж янзалсан алдааг цагдаа өмгөөлөгч хоёр гаргачихаад байна. Энэ чинь нэг ёсондоо гэмт хэрэг шүү дээ.

-Та Х.Баттулга, З.Энхболдтой хэр ойр дотно байдаг вэ. Нэг намын, нэг үед ажиллаж байсан хүмүүс шүү дээ. Хувийн таагүй асуудал бий юу та нарт?

-Хувийн таагүй асуудал огт байхгүй. Үнэт зүйлийн зөрчил үүсчихээд байгаа юм. З.Энхболд чөлөөт ардчиллыг хумиж хувь хүний эрх чөлөөг үндэсний язгуур эрх ашиг хэмээх өөрийнхөө зохиосон эрх ашгийн дор базаж авах гээд байгаа юм. Монгол хүний эрх, эрх чөлөө, эрүүл аюулгүй амьдрах эрх чинь л үндэсний язгуур эрх ашиг юм шүү дээ. Коммунистууд, фашистууд, нацистууд, националистууд л үндэсний язгуур эрх ашиг гээчийг өөрсдөдөө зориулан зохиогоод гэм зэмгүй олон сая гэмгүй хүнийг хөнөөсөн юм. Тэд үндэсний эрх гээчээ Муссолини, Гитлер, Ленин, Сталины эрх ашиг байхаар ойлгодог байсан. З.Энхболд монголчуудын эрх ашгийг юу ч гэж зохиож мэднэ. Хааныг цаанаас нь удирддаг хүнийг төрийн тайган гэдэг юм. Төрийн тайган гэдэг үгийг би физиологийн утгаар огт хэлээгүй юм.  

-Дашрамд дуулгахад, та 2020 оны сонгуульд нэр дэвших үү

-1990 оны залуучууд бид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлсөн, иргэдээ эрх, эрх чөлөөтэй болгосон.Гэтэл өнөөдөр ардчиллыг ороо бусгаагаар нь дуудаж, ардчиллыг цэгцлэнэ гэх боллоо. Уго Чавас яг ингэсэн юм. Монголыг Венесүэл шиг болгох гэж байна. Гэтэл одооны залуучууд зөөлөн хэлэхэд хариуцлагагүй байна. Би нэр дэвшихгүй. Залуучууд ажлаа хийг,бидний олж өгсөн эрх чөлөөг алдах эсэхээ шийдэг.