СТАТИСТИК: Монгол Улсад нэг хүнд 9.2 литр архи ногдож байна

СТАТИСТИК: Монгол Улсад нэг хүнд 9.2 литр архи ногдож байна

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундааг 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Аж үйлдвэрийн салбарын 2018 оны дүн мэдээллээр манай улсад нэг хүнд 9.2 литр архи ногдож байгаа тухай анхаарал татахуйц мэдээллийг гаргажээ.

СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭЛ АРВАН ЖИЛИЙН ДОТОР
ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу “ундаа үйлдвэрлэл” салбарт хамрагдах бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос дөрөв дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос тав дахин тус тус нэмэгдсэн байна. Монгол Улсын хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод амьдарч, худалдаа үйлчилгээ төвлөрсөнтэй уялдуулан согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо 2008-2017 онд тасралтгүй өсөж, 2017 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгдсэн байна. Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийг төрлөөр нь авч үзвэл 2007-2017 оны дунджаар 100 цэг тутмын 56 нь зөвшөөрөлтэй дэлгүүр, 24 нь зоогийн газар болон баар, ес нь кафе, долоо нь супермаркет, дөрөв нь хүнсний худалдааны төв болон бөөний худалдааны төвүүд байна.

“ДЭМБ:Дэлхийн хэмжээнд нэг жилд гурван сая, өөрөөр хэлбэл, нэг минутад зургаан хүн архинаас болж нас барж байна. Үүний дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй”

НИЙТ БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ
СОГТУУГААР ҮЙЛДЭГДДЭГ

Гэр бүлийн хүчирхийлэл: Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн хүчирхийлэл гарахад нөлөө үзүүлж байна. 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендерт суурилсан хүчирхийллийн судалгаагаар бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь нөхөр/хамтрагч нь архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ .

Зам тээврийн осол: Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарчээ. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр албадан эрүүлжүүлсэн хүмүүс 2010 онд 109.8 мянга, 2013 онд 123.5 мянга, 2018 онд 85.8 мянга байсан байна.