ХОХИРОГЧИЙН АР ГЭР: “Тод Каннам” эмнэлэгт үйлчлүүлээд хохирсон олон хүн бидэнтэй холбогдсон

ХОХИРОГЧИЙН АР ГЭР: “Тод Каннам” эмнэлэгт үйлчлүүлээд хохирсон олон хүн бидэнтэй холбогдсон

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 29 настай бүсгүй Хан-Уул дүүрэгт байрлах “Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр хохирогчийн ар гэр гомдолтой байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Хохирогчийн аав Б.Гүндсамбуу хэлэхдээ “Миний охин ямар нэгэн суурь өвчингүй, ид хийж бүтээх насан дээрээ байсан. Охин маань нас бараад есөн сар өнгөрч байхад бид хуулийн байгууллагад итгэж дуугүй суусан. Гэтэл уг хэрэгт буруутай гэж тус эмнэлгийн хоёр эмчийг л хэрэгт татсан байна. Тэр хоёр хүний ард “Тод Каннам” эмнэлэг байгаа. Эмнэлэг гэсэн үүднээс миний охин итгэж үйлчлүүлсэн. Тиймээс хэргийн буруутанг эмнэлгийн удирдах албаныхныг гэж үзэх нь зүйтэй” гэсэн юм.

Түүнчлэн хохирогийн ээж Аюуш “Охин маань энэ эмнэлгийн ганц хохирогч байгаагүй. “Тод Каннам” эмнэлэгт үйлчлүүлээд хохирсон олон хүн бидэнтэй холбогдсон. Гэтэл тус эмнэлгээс олон хүнийг хохироочихоод биднээс уучлал гуйгаагүй, шүүх хурал дээр инээгээд сууж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл” гэсэн юм.

Харин хохирогчийн өмгөөлөгч хуульч Л.Баасанжав хэлэхдээ ”Хохирогч өөх соруулах мэс засал хийлгэхдээ эмчийн чадварт бус, эмнэлэгт итгэж очсон. Иймээс эмчийг бус тусгай зөвшөөрөлд тусгагдаагүй зүйлийг зөвшөөрч үйлчилгээнд оруулсан тус эмнэлгийн захирал Тоднямыг буруутгах хэрэгтэй” гэсэн юм. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээллийг тухайн үед өгсөн байдаг.

Б.САРАНГЭРЭЛ