Ч.Улаан: Миний айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан биш

Ч.Улаан: Миний айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан биш

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах саналыг Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн пүрэв гаригт /2020.01.16/ УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан гаригт /2020.01.17/хуралдсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тодруулбал, тус хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа учир хуралдаааныг хойшлуулсан. 


Өнөөдөр тус хороо хуралдана гэх мэдээлэл байсан ч Ч.Улаан сайд эзгүй гэх шалтгаанаар мөн хойшлуулаад байгаа юм. 

Тэгвэл энэ талаар Ч.Улаан сайд тайлбар өглөө.

Тэрбээр "ХБНГУ-д жил бүрийн нэгдүгээр  сард зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт, “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт оролцож байна. Айлчлал энэ сарын 16-23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаас өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй. ХБНГУ-д зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалтад олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг удирдах байсан тул томилолтоо хойшлуулах боломжгүй байсан. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэнд авахыг хүсч өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны 1-р сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье" гэсэн юм.