ХУУЛЬ: Хосууд гэрлэхээсээ өмнө гэрээ байгуулдаг болно

ХУУЛЬ: Хосууд гэрлэхээсээ өмнө гэрээ байгуулдаг болно

-МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ
ГЭР БҮЛИЙГ ЦУЦЛАХАД ХҮРГЭЖ БАЙНА-

УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жил хэрэгжиж буй уг хууль гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдгийг манай мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг.

Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн байгааг тоон мэдээллээс харж болох юм. Холбогдох судалгаанаас харахад Монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байдаг байна. 3 гэрлэлт тутмын 1 нь санхүү, 5 гэр бүл тутмын 1 нь орон байрны асуудалтай байгаа талаар холбогдох судалгаанд дурдсан байгаа аж. Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсчээ. Судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй хэмээн 15.3 нь хариулжээ.  Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүл урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдсан. Өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусч, эрх нь зөрчигддөг байна.

-ТӨРӨӨС ГЭР БҮЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ-

Сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хийгдэж, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, эрүүл нийгмийн орчинд иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага, оролцоо нэмэгдэж, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах, эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна.

Эдгээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт сайн дурынх байх, гэрлэгсэд тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож, шийдвэрлэх, хариуцлагатай байх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан төслийг боловсруулжээ.

Түүнчлэн төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн амьдрал тогтворжиж, эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Төслөөр төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах зорилготой. Залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас албан боловсролоор олгох, залуучуудыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ.

-ӨМЧ ХӨРӨНГӨӨ ХЭРХЭН ХУВААХ, ҮР ХҮҮХДЭЭ ХЭН АСРАХ
ТАЛААР ГЭРЭЭНД ТУСГАХ ЁСТОЙ-

Уг хуульд орж буй нэг томоохон өөрчлөлт нь гэрлэлтээ баталгаажуулах гэж буй хүмүүс нь гэрээ байгуулж хэн, хэнийхээ өмнө эрх эдэлж, үүрэг хариуцлага үүрдэг болгож байна.

Тухайлбал, тус хуулийн 18 дугаар зүйл нь бүхэлдээ Гэрлэлтийн гэрээг зохицуулахад оршиж байна.

18.1. Гэрлэгчид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон бүртгүүлсний дараа гэрлэлтийн гэрээг байгуулна. Гэрлэлтийн гэрээндээ гэрлэгчид хамт амьдрах, гэр бүл цуцлах үед бие, биеэ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, гэр бүлийн орлогоос ашиг хүртэх, зарцуулах, гэр бүлийн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх нөхцлийг тусгах юм байна.

Хэрвээ гэрлэлтээ цуцлуулбал эд хөрөнгөө хэрхэн хуваах, үр хүүхдээ хэн асрахаа тодорхой тусгаж өгнө гэсэн үг.

Мөн хэн нэгэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл, хариуцлага алдвал хэрхэх ёстой зэрэг харилцааны асуудлыг зохицуулах юм. Манайхаас бусад оронд хосууд гэрлэхээсээ өмнө заавал гэрээ байгуулдаг байна. Харин манай улсын хувьд гадны улсуудын жишгээр хуулиндаа дээрх заалтыг оруулж өгч байгаа нь энэ юм.