18 нас хүрсэн бол ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД нэр дэвших эрхтэй

18 нас хүрсэн бол ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД нэр дэвших эрхтэй

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар /2020.01.23/ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулдаг байсан.

Харин энэ жилээс тусад нь зохицуулсан хуулиар дээрх гурван сонгуулийг явуулдаг болж байна. Орон нутгийн сонгуулийн санал асуулга ирэх намар буюу аравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулна.  Уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хэд, хэдэн анхаарал татах заалтыг дэлгэрэнгүй ярилцав. 

Тухайлбал, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь найман шалгуурыг хангасан байх ёстой. Тэр дундаа тус сонгуульд нэр дэвшигч нь 18 насанд хүрсэн байх ёстой гэх шалгуурыг хуулинд оруулахаар ярилцаж байна. 

Ту хуулийг санаачлагчид 25 настай хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг заалтыг оруулж ирсэн ч УИХ-аар хэлэлцэх явцад 18 нас хүрсэн байх ёстой болгож бууруулахаар хэлэлцэж байгаа юм. Учир нь Орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн бус нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгож байгаа учир заавал 25 нас хүрсэн байх албагүй гэж үзэж байгаа аж. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “18 нас хүрсэн эрх бүхий хүн нэр дэвших эрхтэй. Намууд хэнийг нэр дэвшүүлэхээ өөрсдөө шийднэ. УИХ-д нэр дэвшигч нь 25 нас хүрсэн байх ёстой гэж Үндсэн хуульд хатуу заагаад өгсөн. Үндсэн хуульд зөвхөн УИХ гээд заасан.  Тиймээс Үндсэн хуультай харшилна гэж үзээд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь 18 нас болгосон. Орон нутгийн сонгууль нь улс төрийн сонгууль биш. Зөвхөн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгоно” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Туршлагагүй, дарга дагасан, мэдлэг боловсролгүй, эрдмийн зэрэг цолгүй залуус төрийн албанд орж ажиллах нь буруу” гэж шүүмжлэв.