"Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өргөдлөө өгөөд шалгуул гэсэн"

"Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өргөдлөө өгөөд шалгуул гэсэн"

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийгээд завсарлаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай МУ-ын Ерөнхий прокуророос ирсэн саналыг хэлэлцлээ. Ингэхдээ Ерөнхий прокурорыг байлцуулж асуулт тавьж, хариулт авлаа. Н.Номтойбаяр гишүүний өөрийнх нь тайлбарыг сонслоо. Өмнө нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хоёр гурван удаа хуралдсан. Тэдний мэдээллийг бас сонслоо. Эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Түр завсарласан. Одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад санал дүгнэлтээ гаргасны дараа бүлэг дахиж хуралдаад эцсийн шийдвэрээ гаргая.

Асуудлыг Ерөнхий прокурор дэвшүүлэхдээ нууцын зэрэглэлтэй дэвшүүлсэн. Иймээс Халдашгүй байдлын дэд хороо нууцаар хуралдсан. Бүлгийн хурал нууцаар болсон. Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган бол нууцаар хуралдах уу гэдгээ гишүүдийнхээ олонхоор шийдээд явна. Өнөөдөр ахиж хуралдах эсэх нь Халдашгүй байдлын дэд хорооноос шалтгаална" гэсэн юм.

-48 цагийн дотор авч хэлэлцээгүй талаар?

-Халдашгүй байдлын дэд хороо анхнаасаа тавуулаа суугаад шийдвэрээ гаргая, дөрвүүлээ байвал санал тэнцдэг гэсэн байсан. Өнөөдөр Ч.Улаан сайд ирсэн тийм учраас Халдашгүй байдлын хороо хуралдана.

-МАН-ын УЗ-өөс ямар нэг шийдвэр гарсан уу?

-Намын дарга бол байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Намын дарга Н.Номтойбаяр гишүүнийг “Өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих. Өөрөө тийм санал гаргавал их зөв” гэсэн санал тавьсан. Өөрөө ч үүнийг эргэж нэг бодъё гэдэг юм ярьсан. Тэгээд эцсийн шийдвэр гараагүй тул үүнээс цааш ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна.

- Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр хоёр маргалдсан уу?

-Үгүй үгүй. Ямар ч маргаан болоогүй.