СУРВАЛЖИЛГА: Амны хаалт, гар ариутгагчийн олдоц муу байна

СУРВАЛЖИЛГА: Амны хаалт, гар ариутгагчийн олдоц муу байна

-ЭРЭЛТЭЭ ХАНГАХ НИЙЛҮҮЛЭЛТ АЛГА ГЭВ-

БНХАУ-д дэгдсэн коронавирусийн шинэ төрөл зүйлээр дэлхий нийтэд 800 гаруй хүн өвчилж, 26 хүн нас гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсоор мэдээлсэн.

Уг өвчин нь амьсгал боогдуулж, уушигны хүнд хэлбэрийн хатгалгаа бий  болгосны улмаас үхэлд хүргэх аюултай гэдэг. Амиа алдсан дээрх 26 иргэн нь архаг хууч өвчтэй, цусны даралт ихсэх, сахарын шижинтэй байсан гэгддэг.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас НЭГДСЭН ЖУРМААР зөвлөмж өгч байгаа.

Тухайлбал, хувийн ариун цэврээ сайн сахиж, амны хаалт тогтмол зүүх, гар угаах, БНХАУ-д зорчихгүй байх, ариутгагч бодисыг ахуйн нөхцөлд ашиглах, бусадтай гар барихгүй байх зэргийг зөвлөж байгаа.

Харин манай улсын эмч мэргэжилтнүүд зөвлөхдөө “Иргэд амны хаалтыг хэрэглээд, хоёр цаг тутамд солих шаардлагатай. Үнэтэй маск гэлтгүй нэг удаагийн маскыг гадуур гарахдаа зүүж, ойр ойрхон солих хэрэгтэй. Мөн нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх, ханиаж найтаахдаа бусдад вирусаа халдаахаас сэргийлэх, гэртээ агаарын солилцоо оруулах, бохир гараараа нүд, амандаа хүрэхгүй байх, гараа үргэлж ариутгах” зэргийг сануулж байгаа.

Гэвч уржигдараас буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ихэнх эмийн сангуудад амны хаалт дууссан байна.

Манай сурвалжлах баг Дөлгөөн нуур, 32-ийн тойрог, Зуун айл, Сансарын тойрог, 805-р ангийн ойролцоох эмийн сангуудаар орж амны хаалт зарж байгаа эсэхийг нь лавлахад “Дууссан. Үйлдвэрээсээ тасарсан. Даваа гаригаас худалдаанд гарна. Гар ариутгагч мөн дууссан. Ариутгах бүх бодис дууссан. Ариутгагчууд хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна” гэх хариултыг өгч байлаа.

Тэд гэнэт эрэлт ихэссэн учраас дээрх бүтээгдэхүүнд дууссан. Эрэлтдээ тааруулж нийлүүлж чадахгүй байна гэж хэлсэн юм.

Монос, Хүрмэн зэрэг томоохон эмийн сангуудад ч мөн амны хаалт тасарчээ.

Короновирүсээс гадна дотоодын томуугийн дэгдэлт их, хүүхдүүд ихэвчлэн өвдөж буй учир эцэг, эхчүүд антибиотик болон ханиадын эмийг авч байлаа.

-Д.НАРАНГЭРЭЛ: ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХУВЬД
НУУЦ ҮЕ НЬ 14 ХОНОГ БАЙНА-

Нийгмийн эрүүл мэндийн газрын тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэдийн хувьд улирлын томуугаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. ДЭМБ-аас иргэдийг гараа тогтмол угаах, энгийн маск зүүх, дархлаагаа дэмжих, хүүхдийн арчилгаа сувилгааг сайн хийх зэрэг зөвлөмжийг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна. Шинэ коронавирус нь сарс, мэрс төрлийн вирустэй генийн хувьд маш төстэй байгааг судлаачид хэлж байна. Тэгэхээр бид вирусийн эсрэг үйлчилгээтэй зүйлс хэрэглэх хэрэгтэй. Аливаа вирус нарны гэрэлд тэсвэр муутай байдаг. Мөн бидний ариутгал хийдэг спирт, саванг хэрэглэж болно. Хүн болгоныг спирт хэрэглэ гэж зөвлөхгүй ч уламжлалт гарын дор байгаа ариутгалын бодисыг ахуйн зориулалтаар хэрэглэж, урьдчилан сэргийлж болно.

Монгол Улсын хувьд вирусийн 21 төрлийн хяналт шинжилгээг хийдэг. Үндэсний хэмжээнд дөрвөн лавлагаа лаборатори байдаг.  Хамгийн том лавлагаа лаборатори нь ХӨСҮТ-д байрладаг бол үлдсэн гурав нь Дорнод, Дархан-Уул, Ховд, Орхон аймагт байдаг. Эдгээр бүсийн лабораторит бүх төрлийн вирусийг оношлох боломжтой. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шинэ коронавирусийн халдвар авсан хоёр иргэн нь Эрээн хотоос цаашаа нутаг буцсан” гэв.

Тэрбээр “Шинэ коронавирусийн дэгдэлт гарсантай холбоотойгоор салбар яамнаас яаралтай тусламжийн 50 орыг бэлэн болгож, халдвар хамгааллынхаа дэглэмийн дагуу өвчтөнөө хүлээн авахад бэлэн байгаа. Хоёрдугаарт вирусийн гаралтай өвчний нууц үеийг 3-5 хоног гэж тооцдог бол шинэ коронавирусийн хувьд 14 хоног байна гэдгийг ДЭМБ-аас үзэж буй. Халдвар гарсан бүс нутагт зорчсон иргэд өндөр халуурах, ханиалгах, бие сулрах, гүйлгэх суулгах, цээж хүндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн харьяа дүүргийн эмнэлгийн байгууллагад маскаа зүүж очихыг зөвлөе” гэсэн юм.

Иймд эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна

  1. Өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байх
  2. Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх
  3. Ханиах, найтаах үедээ ам, хамраа дарах, амны алчуур хэрэглэх
  4. Амьсгалын замын өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх
  5. Мах, өндөгийг сайтар болгож хэрэглэх
  6. Мал, зэрлэг амьтнаас хол байх
  7. Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

-Ш.ЭНХТӨР: ХҮҮХДИЙГ ГАДУУР БҮҮ АВЧ ЯВ-

Мөн улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр доорх зөвлөгөөг өгч байгаа юм.

-ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨӨРЭЙ-

Хүүхэд 38.0, 38.5 хүртэл халуурах нь хэвийн. Энэ нь хүүхдийн дархлаа тогтолцоо нь гадны вирүс, нянтай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй.

  • Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн ойр ойрхон - бага багаар, тасралтгүй өгөх хэрэгтэй.
  • Шингэн зүйлийг бөөлжүүлэхгүй, шингээж өгөх хэрэгтэй!!!
  • Өвчтэй үед ердийнхөөс их шингэн өгөх АЛТАН дүрмийг сана!
  • Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг.

-НУСЫГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ-

Нус гоожих нь хүүхдийн дархлааны систем ажиллаж байгааг илтгэх ба хамгийн гол нь нусыг тогтмол цэвэрлэж, хүүхдийн хамрыг амьсгалахад саадгүй байхад туслах хэрэгтэй.

Тусгай зориулалтын цэвэрлэдэг бодис, савыг ашиглаж болох ба хүүхдийг нусаа нийж сургахад анхаарах нь зүйтэй.

Нэг нас хүрсэн хүүхдэд нусаа нийх дадлыг эзэмшүүлэхийн тулд та долоо хоног тасралтгүй оролдоход ойлгоод сурч эхэлнэ.

-ВИРҮС БА НЯН-

Эмч нар нянгийн гаралтай, вирүсийн гаралтай, шинэ төрлийн гээд л онош тавихаар эцэг эхчүүд толгой нь эргэдэг. Учир нь нян, вирүсийн нэр төрөл, тоо хэмжээг тоолж хэлэх боломжгүй.

Хүүхэд нян, вирүсийн алинд нь ч шууд өртөх боломжтой ба дархлаа нь сайн ажиллаж байвал тэдгээрийг орж ирэнгүүт нь "залгиж" хүндэрдэггүй байна. Дархлаа сул байвал ам, хамраар дамжаад залгиур эрхтнүүд, цаашлаад уушги гээд улам хүндэрдэг байна.

Вирүсийн халдвар авсан хүүхдийн дархлаа мууддаг бөгөөд энэ үед бусад нян, вирүсийг эсэргүүцэх чадваргүй болдог учраас ханиад томуу улам хүндэрдэг байна. Нян, вирүсийн халдварыг хоол хүнс бохир гар, агаар дуслын замаар авч байдгийг санах хэрэгтэй.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД АНХААРААРАЙ-

Хүүхэд нян, вирүсийг зөвхөн цэцэрлэгээсээ авдаг юм биш! Учир нь аав ээж, эмээ өвөө, ах эгч та өөрөө вирүс тээгч. Таны дархлааны санамж, дархлаа тээсэн нян, вирүсийг тань даван дийлж өвдөхгүй байх боломжтой.

Та ханиад хүрээгүй, өвдөөгүй байгаа ч нян, вирүс тээгч байж болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та гудамж талбайд, автобусанд явж байхдаа, ханиадтай хүнтэй уулзахдаа, гар барихдаа, ер нь орчноос авч буй нян, вирүсээ тээсээр гэртээ ордог.

Улмаар хүүхдээ үнсч эрхлүүлэх, хамт тоглох төдийд та нян, вирүсээ тэдэнд дамжуулж халдааж байдаг.

Иймээс та гэртээ орохдоо нүүр гар, ам хамраа заавал угаа, гэрийн хувцас заавал өмс!

Гар утсанд тань маш их нян, вирүс наалдсан байгаа тул утсанд хүүхдээ ойртуулах хэрэггүй!

-ХАНИАД, ХАТГАЛГААНЫ ВАКЦИН-

Энэ нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд вакцин хийлгэх нь насан туршийн баталгаа болж чадахгүй. Вакцин хийлгэсэн нэг жилдээ л үйлчилгээтэй.

Вакцин тариулснаас хойш ихэвчлэн 14 хоногоос нэг сарын дараа үйлчилж эхэлдэг бөгөөд та сарын эхэнд тариулсан гэж бодвол сарын дунд ба дараа сарын эхнээс эхлэн тариулсан вакцин тань таныг хамгаалж эхэлнэ.

Тийм учраас ханиад томууны улирлыг тооцож урьдчилан хийлгэх нь зөв.

-ХҮҮХДИЙГ ГАДУУР БИТГИЙ ДАГУУЛЖ ЯВААРАЙ-

Хүүхэд зөвхөн цэцэрлэгтээ явж, эсвэл гэртээ байдаг бол нян, вирүсийн халдвар авах боломж тэр хүрээндээ л яригдана. Гэтэл та хэдэн хүн цугласан газарт хүүхдээ авч очно, тэр хэмжээгээр халдвар авах магадлал нэмэгдэнэ!

-САЙН УНТУУЛААРАЙ-

Хүүхэд унтахад дархлааны систем нь идэвхждэг. Хүүхэд оройны 21:00-22:00 цагийн хооронд унтсан байх шаардлагатай. Учир нь хүний хангалттай нойр авах цаг 22:00-02:00 цаг байдаг байна.

-ХАЛУУН БҮЛЭЭН УСАНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

Зарим эцэг, эхчүүд хүүхэд ханиадтай гээд өмссөн хувцсыг нь ч тайлахаас эмээж, хөлөрсөн хувцастай нь байлгадаг. Гэтэл тийм биш аж. Ханиадны эхний шинж тэмдэг илэрч буй яг тэр үед унтахынх нь өмнө сугаар нь татахуйц халуун бүлээн усанд 30 орчим минут суулгаад дулаан хувцаслаж, хучаад унтуулах хэрэгтэй.

  • Халуун бүлээн ус хүний биеийн дулааныг нэмэгдүүлж, дархлааг идэвхжүүлдэг байна. Ингэснээр нян, вирүстэй тэмцэх биеийн чадвар нэмэгдэнэ.
  • Хүүхдийн арьсны нүх сүв онгойж, хүүхэд амгалан тайван унтах боломж бүрдэнэ.
  • Энэ үед халуун усны уур хамар дахь нусыг зөөллөдөг тул хамрыг нь сайн цэвэрлэж авах хэрэгтэй.

-ДАРХЛААГ НЬ ДЭМЖЭЭРЭЙ-

  • Хүүхдийг сайн унтуулж, дуртай хоолыг нь хийж зохистой идүүлэх хэрэгтэй.
  • Антиоксидант агуулсан нэрс, аньс, чацаргана, бусад шингэн зүйл маш сайн уулгаж, шингэнийг халуун бүлээн уулгах нь маш чухал. Мөн алим жигнэж өгч болно.

-ЭМЧИЛГЭЭГ ГҮЙЦЭД ДУУСГА-

  • Халуурсан хүүхдийн тань халуун буух төдийд бүү тайвшир!
  • Хатгалгаа бол багадаа нэг сарын хугацаанд шимэгддэг. Энэ хугацаанд эмчилгээ, сувилгаа маш чухал!
  • Эмч бичиж өгсөн аливаа эмийг өг гэсэн хоног хугацаанд нь өгч дуусгахгүй бол өвчин дутуу эдгэх шалтгаан болдог!
  • Ингэснээр дахин нян, вирүсийн халдвар авах аятайхан хөрс бүрдэж байгаа хэрэг юм.
  • Мөн олон дахин дутуу эмчлэх нь уушгины архаг өвчинд өртөх эрсдлийг өндөр болгодог байна.

-ЗААВАЛ ЭМЧИД ХАНДААРАЙ-

Утас, компьютерийн цаанаас эмч ч зөвлөгөө өгөхөд бэрх байдаг атал ээжүүд олон нийтийн сүлжээнд хүүхдийн биеийн байдлаа бичээд зөвлөгөө хүсэх нь элбэг. Энэ нь онлайнаар гутал захиалж авахад тэр нь таарахаас тэс өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Учир нь хүүхэд бүрийн бие өөр, өвчний шалтгаан нөхцөл өөр учир мэргэжлийн эмч л эдгээх эмчилгээ хэлэх ба магадгүй таны онлайн зөвлөгчийн зөвлөгөө байдлыг улам хүндрүүлэхийг үгүйсгэхгүй.

Тиймээс зөвхөн эмчид хандаарай.