Архангай аймагт “коронавирус”-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2020-01-27 15:05

ХӨСҮТ: Архангай аймгийн иргэн коронавирусийн халдвар аваагүй

Коронавирусын халдвар авсан байж болзошгүй Хонг-Конг улсад нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчоод ирсэн 46 настай иргэнийг Архангай аймгийн эмнэлэгт тусгаарлаад байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаагаас зарим хэвлэлүүд тодруулахад “Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ тухайн иргэний хувьд өвчний нууц үе нь өнгөрөөд нэлээд хугацаа болж байна. Тиймээс коронавирус халдвар аваагүй гэсэн үг” гэжээ.

2020-01-27 14:36

Архангай аймагт “коронавирус”-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас өнөөдөр /2020.01.27/ тус аймгийн Онцгой комисс хуралджээ. Тодруулбал, тус аймгийн 46 настай эмэгтэй Хонг-Конг улсад нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчоод, нэгдүгээр сарын 03-ны өдөр МИАТ-ийн шууд нислэгээр ирсэн байна.

Ингээд тэрээр өндөр халуунтай эмнэлэгийн байгууллагад хандсан тул тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан, хариу нь 72 цагийн дараа гарах ажээ. Учир нь коронавирусийн нууц үе нь 7-14 хоног гэж ДЭМБ-аас зарлаад байгаа юм.

Энэ талаар үнэн бид Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Өнөөдөр аймгийн онцгой комисс хуралдсан. Нарийн мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн юм.