Өрхийн эрүүл мэндийн төвүүд чуулж байна

Өрхийн эрүүл мэндийн төвүүд чуулж байна

“Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.04/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 152 хорооны 134 өрхийн эрүүл мэндийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар оролцож буй юм.

Тус хэлэлцүүлгийг өрхийн эрүүл мэндийн төвийн эрхзүйн орчныг сайжруулж, хууль, журмын хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлж, игэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж байгаа аж.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэхдээ, “Хүн амд төрөөс үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй хувийн хэвшлийн өрхийн эрүүл мэндийн төвийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон ололт амжилт, хийж гүйцэтгэсэн ажлын талаар харилцан ярилцаж, алдаа оноогоо дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тодорхой шийдвэрийг гаргахад энэхүү хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд зарим  мэдээллийг дурьджээ.

Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь хангалттай  хэмжээнд биш байгаа ч жил ирэх бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн улсын зардлын эзлэх хувь 2017 онд 2.5, 2018 онд 3.44, 2019 онд 3.59 хувь болон нэмэгдсэн байна. Мөн хэлсэн үгэндээ, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжиж ирсэн бөгөөд нэг иргэнээр тооцсон зардал 15650 төгрөг байгааг цаашид нэмэгдүүлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жишиг үнэ болох 12 америк доллар хүртэл нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцолсон байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан байна.