"Зургаан настай хүүгийн амийг аварсан" Тээврийн цагдаагийн БААТРУУДТАЙ ярилцлаа

"Зургаан настай хүүгийн амийг аварсан" Тээврийн цагдаагийн БААТРУУДТАЙ ярилцлаа

2020 оны хоёрдугаар сарын 11-ны 21 цаг 10 минут. Сонгинохайрхан дүүргээс түргэний машин дуут дохиогоо хангинуулан хамаг хурдаараа давхина. Эмнэлгийн машин дотор зургаахан настай бяцхан хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байх аж. Хүүгийн амь минут, секундээр хэмжигдэн 20 минутын дотор Халдвартын эмнэлэгт очиж тусламж авахгүй л бол хорвоо дээр нэг бяцхан зүрх дахин цохилохгүй байх байлаа.

Ажлын өдөр тул замын ачаалал их,  хотын нэг захаас нөгөө зах руу, төв замаар, түгжрэл дундуур 20 минутад очно гэдэг тун хэцүү. Арга ядсан эмч нар тээврийн цагдаагийн алба руу залган тусламж хүсэхэд цагдаа нар шуурхай ажиллан гэрлэн дохионуудыг зөв зохицуулж хүүг 13 минутын дотор эмнэлэгт хүргэж алтан амийг нь аварчээ.

Хэрэв замын цагдаа нар шуурхай ажиллаагүй бол хүү амь эрстэх байсныг эмч нар хэлж байлаа. Энэ бол замын цагдаа нарын “чимээтэй гавьяа”. Чимээтэй гэснийг та гайхаж магад. Учир нь замын цагдаа нар өдөр тутам ийм явдалтай таардаг ч тэр болгон олон нийтэд мэдээлэлгүй “чимээгүй гавьяа” байгуулсаар л байдаг. Харин энэ удаа Халдвартын эмч нар, хүүгийн  ар гэрийнхэн баярласнаа илэрхийлэн олон нийтийн сүлжээнд мэдээлснээр тэдний гавьяа “чимээтэй” болсон юм.

Бид хүүгийн амийг аврахад гол үүрэг гүйцэтгэж замын хөдөлгөөнийг удирдан зохицуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн гэрэл дохио зохицуулалт хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад М. Мөнгөнтулгатай болсон үйл явдлын талаар ярилцлаа.

Гэрэл дохио зохицуулалт хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад М. Мөнгөнтулга

М. МӨНГӨНТУЛГА: ТЭР ӨДӨР МАНАЙ ОХИНЫ ТӨРСӨН
ӨДӨР БОЛЖ БАЙСАН

-Замын хөдөлгөөнийг зохицуулж байсан гол хүн бол та шүү дээ. Тэр үед хэрхэн яаж ажиллав?

-Тэр өдөр манай охины төрсөн өдөр байсан юм. Ажил тарах дөхөж байсан тул би буух бэлтгэлээ хийн тухайн өдрийн мэдээгээ гаргаж байтал гэнэт ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас дуудлага ирж хүүгийн биеийн байдлын талаар хэлсэн. Тэр үед замын хөдөлгөөн нэлээн их байсан.  Тэгээд л шууд станцаар замын цагдаа нартай холбогдон “Яаралтай эмнэлгийн тэрэг явах нь байна шүү, бүгдээрээ тусалж дэмжье” гээд бүх гэрлэн дохиог ногооноор буюу шулуун гэрлээр зохицуулж эхэлсэн. Ерөнхийдөө алсын сийрэгжилт буюу урд явж байгаа бүх машинуудыг сийрэгжүүлэх шулуун явуулах хөдөлгөөнөөр зохицуулж ажилласан.

-Хүний амь нас гэдэг маш үнэтэй зүйл. Замын хөдөлгөөнийг зохицуулж байхад юу бодогдож байсан бэ. Сандарч тэвдэв үү?

-Сандарч тэвдэх гэхээсээ илүүтэйгүүр “энэ хүүхдийн амийг аварчих юмсан, хүүгийн биеийн байдал сайн л байгаасай” гэж бодож байсан. Манай хоёр мэргэжилтэн бас хамт ажилласан. Хүүгийн амийг, гадаа замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа, эмч нар хамтарч ажиллан аварсан юм шүү дээ. Бүгд л хүүгийн төлөө залбирч байсан байх.

Гэрэл дохио зохицуулалт хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад М. Мөнгөнтулга

-Замын хөдөлгөөнийг зохицуулахад ямар нэгэн бэрхшээл байсан уу. Ийм тохиолдолд учир мэдэхгүй хүмүүс уурлаж бухимдах тохиолдол их байдаг шүү дээ?

-Тэр үед зам хөндөлсөх, гэрлэн дохио зөрчсөн машин гараагүй. Түүний ачаар л түргэний машин хурдан шуурхай очиж чадсан. Гэхдээ иргэдэд анхааруулахад дуут дохиогоо ажиллуулан явж буй шуурхай албаны гал команд, түргэн, цагдаагийн машинд зам тавьж өгч байгаарай гэж хэлье. Таны хүлээцтэй хандсан ганц ч гэсэн тохиолдлын цаана олон хүний амь нас аврагдаж байдаг юм шүү.

-Урьд нь ийм яаралтай шаардлагаар замын хөдөлгөөн зохицуулж байв уу?

-Байлгүй яахав. Өчигдөр л гэхэд энгийн машинтай хүн төрөх дөхөөд түргэн дуудалгүй эмнэлэг рүү яаралтай явж байхад нь тусламж үзүүлсэн. Мөн биеийн байдал нь хүнд байгаа иргэнийг түргэний эмч, цагдаа нар хамтран ямар замаар яаж явах талаар мэдээлэл өгч харилцан уялдаатай ажилладаг. 

Ч.ЧИМЭДБАТ: ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ АВРАХ, ЭМНЭЛЭГ РҮҮ ЯАРЧ
ТЭВДЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ТУСЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

-Замын цагдаагийн албан хаагчдын ачаар зургаан настай бяцхан хүүгийн амийг аварч чадсан талаарх мэдээ олон нийтийн талархлыг хүлээж байна. Тухайн өдөр болсон үйл явдлыг яривал?

-Тус өдөр 21:10 минутад ХӨСҮТ-өөс миний утас руу холбогдож, “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Хилчин" хотхоны ойролцоо өрхийн эмнэлэгт зургаан настай хүүгийн биеийн байдал маш муу байна.

Бидэнд 20 минутын хугацаа байна. Хүүгийн биеийн байдал минутаар хэмжигдэж байна” гэж хэлсэн. 

ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төвийн автомашин хаана явж байгааг асуухад “Жолоочоосоо асуучхаад, эргээд холбогдъё” гэсэн. Энэ хооронд Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Гэрлэн дохио хариуцсан байцаагч, Ахмад М.Мөнгөнтулгатай холбогдож, учир явдлыг хэлсэн. М.Мөнгөнтулга болон Тээврийн цагдаагийн албан хаагчид бүхий л боломжоороо замын хөдөлгөөний яаралтай бүх арга хэмжээг авч, 13 минутын дотор "Хилчин" хотхоноос ХӨСҮТ рүү хүүг аваачсан.

-Замын хөдөлгөөнийг яаж зохицуулсан бэ?

"Хилчин" хотхоноос хүүг авахаар явж байх хооронд хотын төв явах чиглэл рүү буюу баруунаас зүүн рүү явах чиглэлийн хөдөлгөөнийг сийрэгжүүлэх, эрчимжүүлэх арга хэмжээг давхар авч байсан. Тэгээд эхнээс нь гэрлэн дохионуудыг өөрчлөн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж эхэлсэн. Нийслэлийн төв замын хөдөлгөөнд 70 гаруй камер байдаг. Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс зарим гэрлэн дохиог удирдаж болдог. Хөдөлгөөний ачаалал их байгаа учраас замын хөдөлгөөнийг огцом хоосруулж болохгүй.Тиймээс ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн автомашин "Хилчин" рүү явж байх хооронд нөгөө урсгалаа чөлөөлж байсан нь хурдан явахад тус болсон.

-Өмнө нь таны ажил албанд иймэрхүү яаралтай хэрэг гарч байв уу?

-Байлгүй яахав. Дугаар нь явдаггүй машин хөдөлгөөнд оролцож байхад зогсооход өвчтэй, биеийн байдал нь муу, эсвэл төрөх гэж байгаа хэн нэгнийг яаралтай эмнэлэг рүү авч явж байгаатай таардаг. Тэгээд цагдаагийн машинаар хүргэж өгөх тохиолдол зөндөө бий. Эрдэнэт хүний амь аврах, эмнэлэг рүү яарч тэвдэж буй хүмүүст туслах нь бидний үүрэг шүү дээ.

Хаа нэгтэй зам түгжирч, замын цагдаа хөдөлгөөн зохицуулна. Гэтэл уурлаж бухимдсан жолоочид зогсоо зайгүй "сигналдана". Энэ бол түм түжигнэж, бум бужигнасан их хотын замын хөдөлгөөний байдаг л дүр зураг. Гэвч энэ дүр зургийн цаана хэн нэгний амь амьдрал шийдэгдэж түргэний эмч, замын цагдаа нар тэр амийн төлөө хамт тэмцэж байдаг аж. Зургаан настай бяцхан ертөнцийг аварсан Замын цагдаагийн албан хаагчидтай ийнхүү ярилцлаа.