Хоёр хүүхдээ тооноор гаргаад эхнэр, нөхөр хоёр галд амиа алджээ

Хоёр хүүхдээ тооноор гаргаад эхнэр, нөхөр хоёр галд амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт өчигдөр 01:15 цагт гал гарч, гурван хүн амиа алдсан хэрэг гарчээ. Гал гарах үед тус айлын эхнэр нөхөр хоёр хоёр хүүхдээ гэрийнхээ тооноор гарган амийг нь аварч, өөрсдөө амиа алдсан байна.

Галын дуудлага Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал унтраах аврах 47 дугаар ангид 01:15 цагт ирж, хэргийн газарт аврагчид 3 минутын дараа очиж, 12 минутын хугацаанд галыг унтраажээ. Гэвч 33 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар галд өртөж амиа алдсан алдсан байжээ. Харин галаас 12 настай хүү, гурван настай охин хоёр нь амьд гарчээ.

Энэ тухай эх сурвалж мэдээлэхдээ “Их л харамсалтай хэрэг явдал болж өнгөрлөө. Жирийн л сайхан залуу гэр бүл байсан. Гурван хүүхэдтэй. Нэг охиноо айлд хонуулахаар явуулчихсан. Бага хоёртойгоо, бас дээр нь эхнэрийн эгчийнх нь охин хонож таарч. 01:00 цагийн үед гэхээр суманд бараг хөл тасарчихсан, айл өрхүүд амарчихсан байсан үе.

Гал бол гаднаас гарсан бололтой. Нөхөр нь хаалгаа онгойлгоход өөдөөс нь гал орж ирсэн. Тиймээс хоёр хүүхдээ тооноор гаргаж амжсан байгаа юм. Бүгдээрээ гарч чадаагүй шалтгаан нь угаартаад ухаан алдчихсан гэж урьдчилсан байдлаар хүмүүс дүгнэж байгаа юм билээ. Тийм болохоор гарч чадаагүй. Ялангуяа эхнэр, тэднийд хонож байсан айлын хүүхэд хоёр. Харин нөхөр нь самбаачилж хоёр хүүхдээ гаргаж чадсан бололтой” гэжээ.