БИДНИЙ ТУХАЙ: “Тал нутгийн баатрууд давхиж байгаа мэт” гэж Британчууд The HU хамтлагийг онцолжээ

БИДНИЙ ТУХАЙ: “Тал нутгийн баатрууд давхиж байгаа мэт” гэж Британчууд The HU хамтлагийг онцолжээ

“HU HU HU! Camden’s Electric-ийн танхимд зуун зуун хүмүүс цугларан ийн орилох аж. Учир нь энд Монголын THE HU хамтлаг тоглолтоо хийж байна...” Их Британи мэдээллийн томоохон сайтууд THE HU” хамтлагийн талаар бичжээ. Дэлхий дахиныг алмайруулж, гайхшруулж Монгол хүн, Монгол хөгжмийг сурталчлан таниулж буй тэдний тоглолт Их Британид үргэлжилж байна. Их гүрний ард түмэн Монгол хөгжим, Монгол дуу, Монголын бахархал THE HU-г хэрхэн дүгнэснийг та бүхэнд хүргэж байна.

THE HU ХАМТЛАГИЙН ТАЛААР ИХ БРИТАНИЧУУДЫН ДҮГНЭЛТ:

“HU HU HU! Camden’s Electric-ийн танхимд зуун зуун хүмүүс цугларан ийн орилох аж. Учир нь энд Монголын THE HU хамтлаг тоглолтоо хийж байна. 2016 онд байгуулагдсан уг хамтлаг нэг жилийн хугацаанд дэлхий дахинд танигдаж чаджээ. Та Монгол үндэсний хөгжим сонсож байсан уу? Хэрэв үндэсний хөгжим уйтгартай гэж бодож байвал энэ удаа таны л буруу болов уу. Учир нь THE HU хамтлаг Монголын үндэсний хөгжмийг метал рок, бүр поп урсгалтай хослуулан уран бүтээлээ туурвидаг хамтлаг.

Монголчуудын хэдэн мянган жилийн туршид дуулж, хөгжимдөж ирсэн эртний урлагийг тэд орчин үеийн метал рок урсгалтай хослуулан бүр дэлхий дахиныг доргиож чадаж байгаа нь үнэхээр гайхалтай юм.

Монголын үндэсний хөгжим болох морин хуур барьсан дөрвөн залуу тайзны өтгөн манан дунд үсээ шидэн хөгжимдөө бүрэн “эзэмдүүлсэн” мэт тоглох нь тун сүртэй. Тэднийг сүрлэг харагдуулдаг бас нэгэн зүйл нь хувцас, хөгжим. Урд өмнө харж байгаагүй өвөрмөц хөгжим, содон хувцас нь үндэснийхээ хэв маягийг хадгалах ч эрс шинэчлэлтэд оруулсан гэмээр гайхалтай харагдаж байлаа.

Урд зогсох урт хар үстэй сахалтай залууг Жааяа /Галцамц/ гэдэг. Үсээ шидэн, “Let’s rock” гэж англиар хэлэн хүмүүсийг огшооно. Хамтлагийн менежер нь орчуулагчаар нь ажилладаг ч тэд англиар чамгүй сайн ярьдаг.

THE HU-ийн ихэнх хөгжим нь тэдний өв соёлоороо бахархсан мэдрэмжүүдээс үүдэлтэй байдаг. Тэдний “Шөөг шөөг” дууны эхлэл тун гайхалтай. Товшуурын аялгуугаар ийм хэмнэлийг гаргаж хүний зүрхийг булгилуулна гэдэг амаргүй.

“Wolf totem” дуугаа дуулж эхлэв. Бүргэдийн дуугаралт Монголын тал нутгийг санагдуулах шиг. Морины янцгаах чимээг дууриадаг хэсэг нь тал нутгийн баатрууд давхиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Магадгүй фенүүд нь эх хэлээрээ дуулах тэдний үгийг ойлгохгүй байж болох ч тэд хөгжмөөр ойлголцож байх шиг. Тэдний техникийн ур чадвар, үнэхээр сайн байлаа. Үнэндээ өмнө нь Британичууд ийм гайхалтай зүйлийг сонсож, мэдэрч байгаагүй л болов уу.

THE HU хамтлагийг Их Британичууд ийн бичжээ. THE HU хамтлаг гадны алдартай рок хамтлагуудыг дууриах гэж оролдоогүй, харин ч эсрэгээрээ тэднээс ялгарах гэж өөрсдийн гэсэн онцлог, өнгө төрхийг бүтээн “Хүннү рок” урсгалаар хүн төрөлхтөнд танигдаж байна. Монголын нэрийг үндэсний хөгжимтэй нь, үндэсний хувцастай нь,  хэл соёлтой нь дэлхийд таниулж буй монгол залуусаараа бид бахархаж байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө