О.Баасанхүү: Зээлийн хүүг түр зогсоогоод эрсдэлтэй үе дууссаны дараа эргүүлэн төлүүлэх саналыг гаргасан

О.Баасанхүү: Зээлийн хүүг түр зогсоогоод эрсдэлтэй үе дууссаны дараа эргүүлэн төлүүлэх саналыг гаргасан

Коронавирусээс урьдчилан сэргийлж улс даяар гамшгаас хамгаалан бэлэн байдалд шилжин бүх шатны сургууль, цэцэрлэг болон зарим байгууллагуудыг  хөл хорионд оруулаад байна. Мөн Засгийн газраас ирэх долоо хоногт болох Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасны хүрээнд баяр угтсан элдэв, зар сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зогсоогоод буй.

Энэ мэтчилэн зарим байгууллага, хувь хүн ажил хийж чадахгүй хөл, хорионд орсноос болж банкны хүү, түрээсийн төлбөрийн дарамтанд орсон гэх мэдээлэл их бий.

Ганцхан жишээ дурдахад, Дүнжингарав худалдааны төвийн худалдаа эрхлэгчид Цагаан сарын баярын үзэсгэлэн худалдааны түрээсийн төлбөр гэж 10 сая төгрөгийг төлсөн байна.. Гэтэл үзэсгэлэн худалдааг зогсоосон учир наймаачид алдагдалд орсон гэж буй.  Энэ мэт иргэдийн асуудлыг шийдэхээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Гэхдээ уг зөвлөл нь одоогоор хараахан хуралдаагүй байна.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хөл, хориотой энэ үед иргэдийн банкны хүүгийн дарамт, түрээсийн төлбөрийн асуудалд  уян, хатан хандахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас хүсч буй.

Энэ дундаа тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг энэ асуудлаар иргэдээ бодсон ажил хийхийг уриалж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цөөн асуултад тодруулга авлаа.

-Банкны зээлийг хүүг зогсоох боломжтой юу. Эдийн засгийн ямар үндэслэлээр та энэ асуудлыг хөндөж  байна вэ?

-Хилийг бүтэн хаасан учир валютын хомсдол үүсэх эрсдэл байна. Өнөөдөр зах, ресторан гэх мэт худалдаа үйлчилгээний байгууллагуудын орлого багасаж байгаа.Тэд бүгд зээлтэй. Монгол улсын иргэний хуулинд “Үүргийн гүйцэтгэл хангах” тухай заалт бий. Тодруулбал, давагдашгүй хүчин зүйл бий болбол үүргээ биелүүлэхгүй байж болдог. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл гэдгийг нь тогтоож чадвал шүү дээ. Түүн шиг зээл өгөгч банк, зээлдэгч иргэн хоёр шүүхээр асуудлаа шийдүүлэх биш төр зохицуулалт хийх ёстой. Ингэхийн тулд хадгаламж болон зээлийн хүүг түр зогсоож болно. Өөрөөр хэлбэл “Хүний мөнгө авчихсан учраас энэ эрсдэлтэй үе дуусахаар буцааж төлөөрэй. Энэ үед торгууль, хүү төлөхгүй байх боломжтой” гэж явах боломжтой гэж харж байгаа. Энэ ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөөс УИХ-ын гишүүн О.Баасанхүү ярьмааргүй байна.

Би Ерөнхий сайдтай уулзах гэтэл утсаа авахгүй байна. УИХ-ын даргатай мөн уулзаж чадахгүй байна. Сураг сонсоход Баянхонгорын Баацагаанд ажилтай яваа юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг дуудаж ирээд банк, банк бус санхүүгийн байгууллагууд болон ломбардуудын үйл ажиллагааны хүүний талаар шийдвэр гаргаачээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулаад хүн амынхаа асуудлыг хэлэлцээч гэж хэлмээр байна.

-Банкны холбоо болон Монгол банкны төлөөлөлтэй энэ асуудлаар уулзсан. Таньд ямар хариу өгсөн бэ?

-Банкны холбоо 23 гишүүнтэй юм байна. Монголын бүхий л томоохон банкууд гишүүнээр нь орсон байна. Би тэдэнд хандан “Та бүхэн судалгаа хий. Судалгаагаар аль хэсэгт хүүний хүндрэл учраад байна гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Үүнээс ямар аргаар гарах вэ гэдгийг шийдвэрлэж болно” гэсэн юм. Олон арга бий. Би мэргэжлийн бус хүн учраас мэргэжлийн байгууллагад нь хандаж судалгаа хийхийг хүссэн.

Банкны холбоо болон Монгол банкны төлөөлөл миний саналыг удирдлагууддаа танилцуулж, ойрын хугацаанд ярилцана гэсэн.

Судалгаа хийе гэсэн.