Коронавирусийн улмаас Токио-2020 олимпын наадам хойшлохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

Коронавирусийн улмаас Токио-2020 олимпын наадам хойшлохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

Коронавирусийн тархалттай холбоотой дэлхий дахиныг хамарсан хэд хэдэн томоохон арга хэмжээнүүд хойшилсон билээ. Үүнтэй холбоотойгоор Токио-2020 олимпыг хойшлуулах бүр цуцлах талаарх асуудлыг олон улсын хэвлэлүүд болон Японы хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ярьж эхэлсэн. Харин тус наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори коронавирусийн тархалтын улмаас Олимпын наадам хойшлохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

 Тэрээр “ Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Олимпын наадмыг хойшлуулах мэдээ их түгэх болсон. Хэдийгээр манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан ч энэ нь зуны олимпын наадмыг хойшлуулах хэмжээнд нөлөөлөхгүй. Наадам товлосон цагтаа зохион байгуулагдана” гэж хэлсэн юм.

Мөн шинэ төрлийн коронавирусийн тархалтын эсрэг  арга хэмжээ авах чиглэлд  Засгийн газартай хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.

Энэ талаар Олон Улсын Олимпын Хорооны Зохицуулалтын хорооны дарга Жон Коутс “Японд ирэх тамирчид, жуулчдад зориулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг Японы талаас цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна” гэдгээ илэрхийлжээ.