БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа

БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа

“Хэрвээ хүн чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдвөл хаана ч хүрж болдог” гэдгийн жишээ хорвоо ертөнцөөр дүүрэн бий. Монгол залуус хэдий цөөхөн ч жилээс жилд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, бүх салбарт түүчээлж буй. Сурч, хөгжих эрмэлзлэлтэй шилдэг боловсон хүчин гэдэг улс орны ирээдүй.  Харин бид өнөөдөр дээрх үгийн жишээ болж өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж яваа авьяаслаг залуутай ярилцлаа.

Тэрээр одоогоор БНСУ-ын “Korea National University of Arts” сургуульд суралцдаг бөгөөд БНСУ-ын алдарт “YG” энтэртайментийн харьяа "YG Kplus” агентлагтай гэрээ хийж чадсан авьяаслаг нэгэн юм.

-МӨНГӨ САНХҮҮГЭЭС ИЛҮҮ МӨРӨӨДӨЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ
ХАМГИЙН ЧУХАЛ-

-Сайн байна уу? Юун түрүүнд өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Г.Амарболд гэдэг. Би 24 настай. Нийслэлийн 86 дугаар сургуулийг төгссөн.

-Солонгост хэзээнээс суралцаж эхэлсэн бэ. Сургуулиа танилцуулбал?

-Анх сургуульд тэнцсэн хариугаа 2018 оны есөн сард авч байсан. Тэгээд 2019 оны гуравдугаар сараас эхлэн хичээлдээ орсон. “Korea National University of Arts” бол улсдаа нэгдүгээрт, дэлхийд 125-р байранд ордог урлагийн сургууль. Манай сургуульд жүжигчин болох сонирхолтой маш олон оюутан бий. Жилд 6000-7000 гаруй хүн шалгалт өгдгөөс шилдэг дөчийг нь л сонгон авдаг. Сонгогдсон 40 оюутан олон хүнээс шалгарсан учраас маш чадварлаг.

-БНСУ-ын урлагийн том сургуульд өөрийгөө тэнцэнэ гэж бодож байсан уу? Яаж бэлдэж байсан бэ?

-Үр дүнгээс үйл явцыг илүүд үзэж байсан. Би энэ сургуульд тэнцэж чадахгүй байсан ч надад маш том туршлага, мэдлэг болж үлдэх учраас өөртөө итгэлтэйгээр л материалаа бэлдэж явуулсан. Мэдээж эхлээд энэ сургуулийн талаар их судалж үзсэн. Тэнцвэл миний хувьд маш том боломж нээгдэх учраас өдөр бүр бага, багаар сургуулиа судалж, хүмүүстэй уулзаж, санал зөвлөгөө авч түүнийхээ дагуу материалаа бэлдсэн. Бараг жилийн хугацаанд бэлдсэн. Үүний хажуугаар өөр сургуулиуд руу бас материалаа явуулж байсан.

-Тэтгэлгээр сурдаг гэсэн. Тэтгэлэгт тэнцэхэд юу нөлөөлсөн бэ. Ямар шаардлага хангах ёстой байдаг вэ?

-Би Солонгос улсын Засгийн газрын “Art Major Asian” буюу AMA хэмээх тэтгэлгээр сургуульдаа сурдаг. Жүжигчний мэргэжил учраас нэгдүгээрт хэлний чадвар маш чухал. Мөн өөрийгөө зөвөөр илэрхийлэх, урлагийн талаар мэдрэмжтэй байх зэрэг ур чадвар их хэрэгтэй гэж боддог. Миний хувьд өөрийгөө бүжгээр илэрхийлж сурсан учраас бүжиглэх чадвар маань их нөлөөлсөн гэж бодож байна. Зарим хүмүүс гадаадад суралцахад их мөнгө хэрэг болно гэж үзээд шантрах тохиолдол байдаг. Миний хувьд тийм ч чинээлэг айлын хүүхэд биш. Гэхдээ чин сэтгэлээсээ хүсэж, хөдөлмөрлөж чадвал зорьсондоо хүрч болдог юм байна гэдгийг ойлгосон. Бас надад тусласан олон найз байсан. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан байх?

-Багадаа би хөлбөмбөгт их сонирхолтой байсан. Харин дунд ангид байхад бүжигт сонирхолтой нэг найз маань "UB Dance" гээд сургалтын төв байна. Хоёулаа хамт явъя" гэхээр нь "Зүгээр суухаар явдаг ч юм билүү?" гэж бодоод хамт явж эхэлсэн. Ингээд долоон жил гаруйн хугацаанд “Break” бүжгээр хичээллэсэн. Жүжигчний мэргэжил их олон талын авьяас чадвар шаарддаг болохоор одоогийн сурч байгаа сургуульд ороход бүжгийн чадвар, туршлага маань их хэрэг болсон гэж боддог.

-ЗАЛУУСТ ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ХҮСЭЛ ИХ ЧУХАЛ-

-Анх Солонгос улсад очиход хүндрэлтэй санагдаж байсан зүйл бий юу?

-Мэдээж. Эхлээд хэлний асуудал гарч ирсэн. Миний хувьд энд хоёр жил хэлний бэлтгэлд суусан хэрнээ яг сургуульдаа ороод хүмүүстэй харьцан, хичээллэж эхлэхэд дутагдалтай зүйлс байсан. Хэлний бэлтгэлд сууж байхдаа TOPIK-ийн суурьтай бичих, унших гэх мэт хичээл их хийсэн болохоор ярианы чадвар маань жаахан орхигдсон байсан.Бас соёлын ялгаа гарч байсан.

-Суралцаж байх хугацаанд нь нэг том боломж бий болсон шүү дээ. БНСУ-ын алдартай “YG” энтертайментийн харьяа "YG Kplus” агентлагтай гэрээ хийсэн. Энэ талаараа ярьвал?

Их гэнэтийн зүйл болсон л доо. Манай сургуулиас эхний хоёр жил ямар нэгэн сурталчилгаа, гадны үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Тэгэхээр нь жүжиглэх төрлийн үйл ажиллагаанд л оролцож болдоггүй юм байх гэж ойлгоод "YG Kplus" агентлагаас зохион байгуулдаг нэг өдрийн арга хэмжээн дээр нь очсон юм. Тэр арга хэмжээн дээр юу болдог, ямархуу үйл явдал болж өнгөрдөг гээд багахан хэмжээний туршлага хуримтлуулах санаатай очсон хэрэг л дээ. Гэтэл шууд тэр өдрөө тайзны алхаа, поз авах гэх мэт моделийн шалгаруулалт авчихсан. Надтай нийлээд нийт 60 залуус уг шалгаруулалтад оролцсон. Охид нь яг л мэргэжлийн загвар өмсөгч шиг бие галбиртай, залуус нь ч биеийн хөгжил сайтай байсан болохоор бүгдээрээ л мундаг санагдаж байлаа. Гэтэл би нэгдүгээр байранд орчихсон. Уг нь нэгдүгээр байранд орохын төлөө биш зүгээр л сонирхоод очсон шүү дээ. Тэргүүн байрын шагнал нь "YG Kplus" агентлагийн загвар өмсөгчийн анхан шатны сургалтад үнэгүй хамрагдах эрх байсан юм. Дараа нь шагналынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гээд очтол захирал нь надтай гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд л би "YG Kplus" агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулсан юм. Сургуулиас эхний хоёр жил ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох ёсгүй гэсэн дүрмийн дагуу одоогоор ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй байна. Дараа жилээс л ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож эхлэх байх даа.

-Шалгаруулалт нь хэр өрсөлдөөнтэй байсан бэ. Өөрийгөө түрүүлэхэд юу нөлөөлсөн гэж бодож байна?

-Надад ялна гэсэн бодол байгаагүй. Өмнө нь загварын чиглэлээр ажиллаж байсан туршлага ч үгүй. Тийм болохоор өөрийгөө сориод үзье л гэж бодсон. Эрэгтэйчүүд нь бүгд 185м-ээс дээш, эмэгтэйчүүд нь бүгд 170м-ээс дээш өндөртэй, бие хаа сайтай, мэргэжлийн загвар өмсөгч шиг залуус байсан болохоор өрсөлдөөнтэй байсан гэж хэлж болно. Бас Солонгос улсад манай сургуулийг мэдэхгүй хүн ховор учраас энэ сургуульд суралцаж байгаа нь “YG Kplus”-тай гэрээ байгуулахад маш их нэмэр болсон байх гэж боддог.

-Шалгаруулалт нь яаж явагдсан бэ?

-Загварын алхаагаар алхуулж бас биеийн хэмжээ авсан.

-Солонгосын нэр хүнд бүхий сургуульд тэнцэж бас том байгууллагатай гэрээ хийснийг тань сонсоод гэр бүлийхэн чинь яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж баярласан.

Г.Амарболд

-“САЙН ХҮН САЙН ЖҮЖИГЧИН БОЛДОГ” ГЭЖ БАГШ НАР ХЭЛДЭГ-

-Тус сургуулийн сургалтын арга барилын хувьд. Жүжигчнээр бэлтгэж буй оюутнууддаа юуг чухалчилж заадаг юм шиг санагдсан бэ?

-Монголд сурагчид багш нарыгаа хэт их шүтээд өргөмжлөөд байдаг юм шиг санагддаг. Харин энд багш, сурагчид бие биенээ харилцан маш сайн хүндэтгэдэг их гоё орчин байсан. Мэргэжлийн хичээлийн хувьд ур чадварын хичээлүүд чухал ч багш нар түүнээс илүү “сайн хүн болох хэрэгтэй” гэдэг үгийг байнга хэлж, сануулдаг. Багш нар оюутнуудаа хүнлэг, соёлтой, бусдыг ойлгодог хүн болгохыг үнэхээр их хичээж ажиллаж юм шиг санагддаг.

-Хүндэлж явдаг, үлгэр дуурайлал авдаг хүн байдаг уу?

-Их олон хүн бий. Хүн бүхнээс үлгэр дуурайлал авч, суралцаж явахыг хичээдэг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Одоогоор номтой илүү нөхөрлөж өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байна. Ялангуяа өөрийнхөө мэргэжлийн талаар, хүн төрөлхтний тухай номыг илүү шимтэн уншдаг. Зүгээр суухыг хүсдэггүй. Байнга л ямар нэгэн зүйл хийж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Өдөр болгон хийдэг зүйл гэвэл ном унших, кино үзэх, дасгал хийх, найз нөхдөдөө цаг гаргах л юм байна даа.

-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Хичээлдээ анхаарч, солонгос хэлний чадвараа илүү сайжруулахыг хичээж байна. Мөн загварын чиглэлээр ажиллахад туранхай байх шаардлага тавьдаг. Миний өндөр 187 см, жин 76 кг хэдий ч энэ нь хангалтгүй тул жингээ хасах шаардлагатай болсон. Энэ шаардлага ерөнхийдөө хэцүү санагдаж байгаа болохоор багагүй сорилт байх болно. Мөн тулааны урлагаар хичээллэх сонирхолтой байгаа.

Үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, хөгжиж, суралцах чин хүсэл байвал амжилтанд хүрж болдог гэдгийг харуулж яваа түүнд амжилт хүсье. Ирээдүйд Монголын төдийгүй дэлхийн кино урлагт нэгэн залуу шинэ од болон гялалзах болно гэдэгт итгэлтэй байна.

Түүний инстаграм хаягийг дагаарай.