Засал номоо цахимаар уншуулах боломжтой “МОНГОЛ КАЛЕНДАРЬ” аппликейшнийг ашиглаарай

Засал номоо цахимаар уншуулах боломжтой “МОНГОЛ КАЛЕНДАРЬ” аппликейшнийг ашиглаарай

Монгол түмний Сар шинийн баярыг тохиолдуулан сүсэгтэн олондоо зориулан “Mongol Calendar” аппликейшнийг зориулан бүтээжээ. Цагаан сар, бусад дүйчингийн өдрүүдэд сүм хийдэд ном айлтгуулахын тулд урт дараалалд зогсох, ном айлтгуулсны дараа өөрийн зүгээс ямар бэлтгэл хэрэгтэйг мэдэхгүй байх, ямар нэг яаралтай ажил гарах, ажлын дараа хийдүүдэд очиход ном айлтгал бичдэг газрын хаах цаг болсон зэргээс шалтгаалан багагүй бухимдал үүсэх тохиолдол гардаг.

Тэгвэл энэхүү шинэ үйлчилгээг ашигласнаар эдгээр асуудлуудыг шийдэж, бурхан шүтээнээ эргэж мөргөх, сүм суваргаа гороолж эргэх мэтийн бусад буянаа үйлдэхэд яарч тэвдэх шаардлагагүй болов. Бас нэг чухал зүйл нь хилийн чанадад сурч хөдөлмөрлөж байгаа монголчуудад шинэ боломж нээгдэж буй явдал. Та цахим айлтгалыг гар утасны аппликейшн болон суурин компьютерээс хийх боломжтой.

-ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ТЭРГҮҮТЭЙ БУСАД СҮМ ХИЙДҮҮДЭД УНШИГДАЖ БАЙГАА НОМУУДЫГ ХЭРЭГ, ТУСААР НЬ 32 БАГЦ БОЛГОЖ ХУВААЖЭЭ-

Эдгээр багцуудаас сонголт хийж идэвхжүүлэхэд НОМ ХАЙХ цонхны доод хэсэгт багцын номын нэрс гарч ирнэ. Эдгээр номууд бүгд сонгогдсон байдлаар идэвхжсэн байх бөгөөд магадгүй танд энэ удаагийн айлтгалаар уншуулах шаардлагагүй номын нэр жагсаалтанд байвал нэрийн урд талд байрлах ЗӨВ гэж тэмдэглэгдсэн тэмдгийг арилгахад тэр ном жагсаалтаас хасагдана.

НОМ ХАЙХ- Энэ хэсэгт та уншуулах номоо монгол кирилл болон латинаар оруулж хайлт хийнэ.

УНШУУЛАХ ХИЙДЭЭ СОНГОХ- Энэ хэсэгт сонгосон номоо унших боломжтой хийдээ сонгоно.

НОМ УНШУУЛАХ ӨДӨР СОНГОХ- Энэ хэсэгт ном уншуулах хийддээ жилийн 365 өдрийн ямар ч өдрийг сонгон уншуулахаар захиалж болно.

ЗАХИАЛАХ- товчийг дарснаар таны сонгосон айлтгал ХЭНД зориулж ХЭНЭЭС уншуулж буйг бөглөх 2-р хэсэгт шилжинэ.

Та хэн нэгэнд зориулж ном айлтгуулж буй бол тэр хүндээ “Сэтгэлийн үг” илгээж болох бөгөөд бидэнд цахим шуудангийн хаягийг нь өгөхөд хангалттай.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭГ зөвшөөрч ЗАХИАЛАХ товчийг дарснаар банкны хэсэг рүү нэвтэрч зохих хураамжийг төлснөөр таны айлтгалын захиалга идэвхжинэ. ДАХИН ЗАХИАЛАХ товчийг шинээр сонголт хийхэд ашиглана.

Захиалга хүлээн авсан тухай мэдээлэл таны цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ. Таны тухайн өдөр уншигдах айлтгалыг хийд хүлээж авсан тухайгаа цахим шуудангийн хаягаар тань илгээнэ.

НОМ УНШУУЛАХАД БИЕЧЛЭН ИРЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ УУ?

Зарим ном уншуулахад биечлэн ирэх шаардлагатай байдаг. Энэ нь ихэвчлэн тавгийн идээтэй хурдаг сахиус бурхан тахих хурал, ажил үйлс, эрүүл мэндийн тухайд өргүүлэх сэржимтэй ном хурал, бие өвчтэй үед яаралтай айлтгадаг зарим чогын төрлийн ном, засал гүрмийн зарим нэг ном хурлууд байна.

Хэрвээ өөрийн биеэр ирэх боломжгүй бол төлөөний хэн нэгнийг байлгах учиртай ч өөрийн тусын тулд ном айлтгуулж буй хүмүүн үнэн сүжгийг сэтгэлдээ үүсгэх учиртайг болгооно биз ээ.

ТАВГИЙН ИДЭЭ БОЛОН БУСАД БЭЛТГЭЛ, ТҮҮНИЙГ
ХОЖИМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

ТАВГИЙН ИДЭЭ- Ном уншуулахад тавгийн идээг өөрийн дуртай идэх зүйлээр бэлдэнэ. Хулгайлсан, бусдыг хуурч мэхэлсэн, ариун бус зэрэг буруу амьжиргаагаар олсон зүйлсээр тахилгын тавгийн идээг бэлддэггүй. Ном уншуулсны хойно тахилгын идээгээ рашааны мөн чанартай болсон ариун идээ гэж сүжиглэн үзэж халуун ам бүлийнхэнтэйгээ хуваан хүртдэг, мөн 3 хоногтоо гэрээс юм гаргадаггүй цээрлэдэг учир бас байна.

ДАЛЛАГЫН УУТ- Ихэвчлэн гэртээ ном уншуулах, даллага авах үед ил гаргаж даллах тул гадагш авч явахгүй байх нь дээр юм.

СЭРЖИМ- Өргөх зан үйлтэй ном уншуулахад өөрт тохирох үйлэнд зориулж сэржмийн зүйлсийг бэлддэг. Хэрвээ сэржмийг дэлгэрүүлэхийн үйлэнд зориулж байгаа бол сүү, сүүтэй цай, хэл ам, хэрүүл тэмцэл, хулгай зэрэг хатуу үйлэнд зориулж буй бол хар цай, архиар ихэвчлэн өргүүлдэг байна. Ном уншиж гүйцсэний хойно ном уншаач лам сэржмийг аль зүгт, хэзээ өргөхийг зөвлөх болно.

ЭЛС- Маналынлхого, амьдын болон өнгөрөгсдийн Гүнрэг гэх зэрэг ном уншуулсны сүүлд элс өгдөг бөгөөд бие өвчтэй, хэвтэрт байгаа зэрэг бусад шалтгаанаар айлтгуулсан хүний толгой дээр бага зэрэг үрэх, хувцас хунар, ор дэвсгэр, гэр орон зэрэгт сүрчиж, цацах байдлаар хэрэглэнэ. Харин өнгөрөгсдөд бол талийгаачийн хөлнөөс эхлэн толгой хүртэл цацна. Ийнхүү цацахдаа УМ АА ХУМ хэмээн уншина.

Гэр орондоо шинээр бурхан шүтээн залах, талийгчдын хойноос бурхан бүтээлгэх зэрэг үйлээс шалтгаалж шинээр бурхан бүтээлгэн сүм хийдэд равнайлуулах, лам хувраг гэртээ залж равнайлуулдаг. Ийнхүү шүтээн болсон бурханыг гэрийнхээ хоймор /орон сууцны үүд хаашаа ч хамаагүй харах болсон тул гэрийнхээ гарах үүдний эсрэг талыг хоймор тал гэж тооцно/-т хүндэтгэлтэй зална.

-НОМ УНШУУЛАХДАА ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС-

Гурван эрдэнийн адистид цаглашгүй, хуурмаггүй юм. Гэвч ном уншуулж, гүрэм хийлгээд зовлонгоосоо өргөс авсан адил салчихна, хураасан нүгэл хилэнцээ арилгаад нүгэл үгүй болгочихно гэж санах нь буруу бодол юм.

Үүнийг ч Бурхан багш бээр шавь нартаа: -Би та нарын зовлонг гараараа арилгахгүй, хилэнцийг чинь угааж цэвэрлэхгүй, өөрийн эрдмийг юүлж чадахгүй тул гэгээрэлд зөвхөн өөрсдөө шамдах ёстой хэмээн сургасан. Учир нь хэн бүхэн ямагт бие биеэсээ хамаарах шүтэн барилдлагад оршдог тул өөр өөрсдийн хийсэн үйлийн үрийг эдлэх уг, үрийн хуулиас гарахгүй тул бүх зовлонгийн уг болсон мунхаг байдал, хилэнцэт сэтгэлийг тэвчиж, хамаг жаргалын шалтгаан болсон асрал энэрлийн сэтгэлийг төрүүлэхэд хүн өөрөө шамдан суралцаж, хичээн зүтгэх учиртайг мэдэх нь чухал юм.

Ингэж нэг талаас дээдийн номонд суралцах, нөгөө талаас буян хураах үйл болсон дээдийн номыг айлтгуулах зэргээр хүсэхгүй зовлонгийн шалтгааныг боомилж, жаргалангийн шалтгааныг үргэлж байгуулж байх нь хэрэг ихтэй ажээ.

СЭТГЭЛИЙН БЭЛТГЭЛ- Ном уншуулж буй номын адис жинлавыг хүртэхийн тухайд сэтгэлээ бэлддэг учиртай. Үүнийг сэтгэлийн бэлтгэл хэмээнэ.