ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын нүүрс иргэдийнх нь эрүүл мэндэд заналхийлж байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын нүүрс иргэдийнх нь эрүүл мэндэд заналхийлж байна

Нүүрсийг тогтмол ашиглах нь Монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна, байгаль орчныг нь улам доройтуулж байна...

Дэлхийн зуу гаруй орны 310 сая хүнд мэдээ мэдээллээ дамжуулдаг Alzajeera.com сайтад Монголчуудын нүүрсний хэрэглээнээс үүдсэн агаарын бохирдлын талаар ийн бичжээ. Сэтгүүлч Клас Лундстром Монголын хүүхдийн эмнэлгээс эхлээд малчин айл, гэр хорооллын өрх, хүүхдийн цэцэрлэгт хүртэл очин Монголчууд өвлийн улиралд хэрхэн амьдардаг, агаарын бохирдол хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар томоохон сурвалжлага бэлтгэн нийтэлсэн байна. Ингээд та бүхэн тэд бидний талаар хэрхэн өгүүлснийг сонирхоно уу.

-УУШГИНЫ ХАТГАЛГАА МОНГОЛ УЛСЫН НЯЛХСЫН ЭНДЭГДЛИЙН
ХОЁР ДАХЬ ШАЛТГААН БОЛДОГ-

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Сонгино хайрхан дүүргийн  гурван давхар нэгэн эмнэлгийн бүх өрөө дүүрэн байх аж. Зогсоо зайгүй ажиллах сувилагчдын хэлснээр энд ихэвчлэн амьсгалын замын өвчнөөр өвдсөн бяцхан хүүхдүүд иржээ. Учир нь Монголын агаар өвлийн турш хорт хийгээр бохирдсон байдаг. Энэ хавьд байрлах бүхий л эмнэлэгт ихэвчлэн хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх бөгөөд тэдний өвчнийг эмчилж болох ч шалтгааныг нь “эмчилж” болохгүй. Тэр шалтгаан нь агаарын бохирдол.

UNICEF-ийн “Монголын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нь” судалгааны тайланд “Сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотод амьсгалын замын өвчлөл ихсэж 10000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл 2,7 дахин ихэссэн. Мөн уушгины хатгалгаа Монгол Улсын нялхсын эндэгдлийн хоёр дахь шалтгаан болдог. Улаанбаатар хотын төвд амьдардаг хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар муу байдаг” гэж дурджээ.

Бид энд нэг настай охиноо тэврэн суух Ганчимэг гэх нэгэн бүсгүйтэй таарсан юм. Тэр өдөржин эмнэлэгт өнжсөн бөгөөд охиныхоо халууныг буурахыг хүлээж ихэд ядарсан байдалтай байлаа. “Охин маань маш хүндээр ханиалгаж байсан учир эмнэлэгт ирэхэд уушгины хатгалгаа гэсэн онош тавьсан” гэж тэр хэлсэн юм. Ээждээ тэврүүлэн инээмсэглэх бяцхан охин цаг үргэлж ханиалгасаар байлаа.

-БИ ДАХИН ЖИРЭМСЭН БОЛОХООС АЙЖ БАЙНА-

Бид тэнд өөр нэгэн залуу хостой таарсан юм. Ариунсанаа, Оюун нар Улаанбаатар хотын захад амьдардаг залуу хос. Тэд гэр хорооллын жижиг байшинд амьдардаг/ Гэр бол Монголчуудын уламжлалт байшин бөгөөд урцтай төстэй/. Тэдний дөрвөн настай хүү болон нэг настай охин хоёул халуурч, ханиалган сүүлдээ уушгины хатгалгаагаар эмнэлэгт хүргэгдсэн байна. “Энэ явдал жил болгон давтагддаг” гэж Ариунсанаа хэлэнгээ бидэнд сүүтэй цай жигнэмэг бэлдэж өглөө. “Өвөл болгон томууны улирал эхэлдэг бөгөөд жилээс жилд уушгины хатгалгаа авах хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Эм, антибиотик үнэгүй биш шүү дээ” гэж тэр нэмж хэлэв.

Агаарын бохирдол хүүхдүүдэд нөлөөлөхөөс гадна урагт ч нөлөөлдөг. Эмч нар жирэмсэн эхчүүдийг өвлийн улиралд цэвэр агаарт байхыг зөвлөдөг ч энэ нь тансаг хэрэглээний зүйл болжээ. “Би дахин жирэмсэн болохоос  айж байна. Өвөл болоход агаарын бохирдол урагт сөргөөр нөлөөлж ургийн гажигтай хүүхэд төрөх вий гэхээс үнэхээр байж байна” гэж Оюун хэлсэн юм.

-ЖИЛ БҮРИЙНХ ШИГ Л СУРГУУЛЬ ДЭЭР НЬ МАШ ОЛОН
ХҮҮХЭД ХАНИАДТАЙ БАЙСАН-

Байгаль орчны судалгаагаар Монголд сүүлийн арван жил уур амьсгалын өөрчлөлтөөс болж өвөлжилт хүндрэн, хуурайшилт ихэссэний улмаас олон сая мал хоргоджээ.1940 оноос хойш Монголд уур амьсгалын өөрчлөлт явагдаж дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн байна. 2019 оны Европын Ази судлалын хүрээлэнгийн судалгаанд уур амьсгалын өөрчлөлт нүүрс олборлолт, хэрэглээнээс үүдэлтэй гэжээ. Тус судалгаанд “Уул уурхайн үйл ажиллагаа, нүүрс олборлолт нүүрсхүчлийн хийг/CO2/ нэмэгдүүлж бэлчээрийн талбайн элэгдэл, ойгүүлжилтийг үүсгэж байна” гэжээ.

Цаг агаарын эрс тэрс байдал нь нүүдэлчин бүрийн өмнө жил бүр тулгардаг томоохон бэрхшээл болдог. Нүүрснээс хэт хамааралтай байх нь нүүдэлчин ард түмний амьдрал ч нөлөөлж эхэлжээ. Батболдынх тал нутагт мал аж ахуй эрхлэн амьдардаг гэр бүл. Тэд “өвөлжөө” гэж нэрлэдэг модон хашлага бүхий хашаанд малаа адгуулан өвлийн турш амьдардаг бөгөөд хөрш айлаасаа нэлээдгүй хол зайтай байх аж. Малынхаа ашиг шимийг хүртэн амьдардаг нүүдэлчин  ард түмний амьдралын хэв маяг иймэрхүү. Гэвч жил болгоны өвөл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн “зуд” болдог. Маш олон мал үхэж, ихээхэн гарз хохирол учруулдаг гэнэ. Гэрийн эзэгтэй өглөө бүр хангай дэлхийдээ сүү өргөж, сүслэн залбирна. “Бид энэ зун их сайхан зун болно гэж найдаж байсан ч тийм байгаагүй. Зун өвс муутай, гантай, өвөл улам ширүүн болж байна” гэж тэр хэлэв. Энэ гэр бүл өглөө бүр 100 толгой малаа бэлчээрт гаргадаг. Гэвч хангалттай өвс байдаггүй. “Малдаа тэжээл өгч болох ч, үнэтэй учраас бид авч чадаагүй” гэж Батболд морио эмээллэж байхдаа хэлэв. Батболд долоон хүүхэдтэй бөгөөд хотод сурдаг гурван хүүхэд нь өвлийн амралтаараа гэртээ ирэхдээ хүнд ханиад туссан нь агаарын бохирдлоос болсон гэж тэд үзэж байлаа. “Жил бүрийнх шиг л сургууль дээр нь маш олон хүүхэд ханиадтай байсан” гэж тэд хэлэв.

-ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ УЛААНБААТАРТ
НАЙМАН ХҮН УГААРТАЖ НАС БАРЖЭЭ-

Олон мянган нүүдэлчин малаа алдсаар, эцэстээ амьжиргаагаа дээшлүүлэхээр нийслэлийг зорьдог. 2001 онд Улаанбаатарын хүн амын тоо 600000 байсан бол одоо нийт хүн амын талаас илүү хувь буюу 1,6 сая хүн амьдарч байна. Хотод амьдардаг нийт хүн амын дөрөвний нэг нь гэр хороололд амьдардаг бөгөөд тэдгээрийн 28.4 хувь нь дунджаас доогуур түвшинд амьдардаг гэж тус улсын Статистикийн хорооны судалгаанд дурджээ.

Улаанбаатар хотын зах хэсэг нь бүхэлдээ гэр хороолол бөгөөд хүртээмжгүй цахилгаантай, цэвэр усаа холоос зөөж, нүүрс түлж амьдарч байна. Гэрийг дулаан байлгаж, хоол хийх гол хэрэгсэл нь шахмал түлш бөгөөд Засгийн газраас утаа багатай гэж энэ жилээс нэвтрүүлсэн гэнэ. Гэсэн ч агаарын бохирдол буураагүй байна. Улаанбаатар хотын 63-р цэцэрлэгт хүүхдүүдийг цэвэр агаартай, эрүүл орчинд байлгахын тулд агаар цэвэршүүлэгч байрлуулж, бүх цонхыг хааллтай байлгадаг аж.

“Хүүхдүүдийг гадаа тоглуулах болбол маск зүүлгэдэг” гэж тус цэцэрлэгийн захирал Энхцэцэг санаа алдав.

Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаатарт найман хүн угаартаж нас барж, мянга гаруй хүн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон байна. Гэвч шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол хоёр дахин буурсан гэж албаныхан хэлж байлаа. Шахмал түлшийг Улаанбаатар хотод үйлдвэрлэдэг бөгөөд тусгай цэгүүдэд зарж борлуулдаг. Шахмал түлшний картгүй /шахмал түлш авах эрхтэй тусгай карт/ бол авч чадахгүй. Нэгэн эмэгтэй шахмал түлш авахыг оролдох боловч түүнд өгсөнгүй. Хэрэв картгүй иргэнд өгвөл цалингийн гучин хувийг хасуулдаг тул яах ч арга байхгүй. “Би өнөөдөр гэрээ яаж халаах юм бэ, хүүхдүүддээ хоолыг нь яаж хийж өгөх вэ?” гэж хэлээд буцахад хоёр хүүхэд нь түүнийг хүлээж байв.

-ХЭЗЭЭ Ч ОДООГИЙН ШИГ ХЭЦҮҮ БАЙГААГҮЙ-

Засгийн газрын түүхий нүүрсийг хориглосон шийдвэр нь уул уурхайд найдаж амьдардаг хүмүүсийн амьдралыг улам хэцүү болгожээ. Улаанбаатар хотоос зүүн тийш 40 км-ийн зайд орших Налайх нүүрсний үйлдвэр нь одоо эзэнгүй болжээ. Түүхий нүүрсний эрэлт бууран хаагдсан тус уурхайн нөөц хэвээр. “Би уурхайд бүхий л амьдралаа өнгөрөөж байна. Гэвч хэзээ ч одоогийн шиг хэцүү байгаагүй” гэж Хүрэлшагай гэх уурхайчин залуу хэллээ.

Энэ улсад түүхий нүүрсэнд хориг тавьсны улмаас, олон хүний ажлын байрыг үгүй болгож, олон ч бизнесийн ирээдүй үгүй болжээ. 1950-иад оноос Налайхын нүүрсний уурхай нь томоохон ажлын байр, Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангах гол тулгуур нь байсан. Гэвч энэ нь мөн нүүрсхүчлийн хий ялгаруулах, PM2.5 гэж нэрлэгддэг агаар мандлын тоосонцор их хэмжээгээр үүсгэгчийн нэг байсан.

Социализм нуран унаснаас хойш Монгол улсад олон зүйл өөрчлөгджээ. 1990 онд ардчилал ялснаар уул уурхайн баялгийг түшиглэсэн эдийн засгийн томоохон тэсрэлт болсон. Гэвч үүнээс тэгш бус хуваарилалт, ялгаатай давхаргыг бий болгосон юм. 2010 онд Монгол Улс уул уурхайг түшиглэн  хөгжиж “Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орноор” тодорч байв. Гэвч дэлхийн санхүүгийн хямрал, түүхий эдийн ханшийн өсөлт зэрэг нь Монголд томоохон цохилт өгч, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлсэн юм.

Монголын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр Монгол Улсын эдийн засгийн 22 хувийг уул уурхай эзэлж байлаа. Гэсэн ч Монголыг хөгжүүлэх зүйл нь газрын доорх баялаг, нүүрс биш. Нүүрсний хэрэглээ эцэстээ ямар үр дүнд хүргэж буйг та бүхэн харлаа. Зөвхөн нүүрс, зэсээр улс орноо хөгжүүлэх нь эргээд бусад салбарын хөгжилд муугаар нөлөөлж “баялгийн хараал” болж хувирна.  Нүүрсийг тогтмол ашиглах нь Монголчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна, байгаль орчныг нь улам доройтуулж байна.