Италийн хөлбөмбөгийн холбоо "EURO2020" тэмцээнийг хойшлуулахыг хүслээ

Италийн хөлбөмбөгийн холбоо "EURO2020" тэмцээнийг хойшлуулахыг хүслээ

Италийн хөлбөмбөгийн холбоо "Серие А" лигийг дуустал Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн (EURO-2020)-ийг хойшлуулахыг хүсжээ. Учир нь Италийн хөлбөмбөг болоод спортын бүх арга хэмжээ коронавирусийн тархалтын улмаас цуцлагдаад байгаа юм.

Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Габриел Гравина уг хүсэлтийг маргааш болох Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) шуурхай уулзалтын үеэр мэдэгдэх юм байна. Тэрээр  хувийн зүгээс Европын хөлбөмбөгийн лигүүд зургаадугаар сарын 30 хүртэл үргэлжлэнэ гэж бодож байгаа бөгөөд "Лигүүд тавдугаар сарын эхэн үеэр ч эхэлж мэднэ. Бид залуусаа лигийн дараа амраах хэрэгтэй" гэсэн юм.

Европын хөлбөмбөгийн холбооны уулзалтад гишүүн 55 орны төлөөлөгчдөөс гадна Дэлхийн хөлбөмбөгчдийн холбоо, Европын клубүүдийн холбоог урьсан бөгөөд уулзалтад EURO-2020 тэмцээний талаар ярилцах юм. EURO-2020 тэмцээн ирэх зургаадугаар сарын 12-оос долоодугаар сарын 12 хүртэл сарын хугацаанд Европын 12 орныг дамнан зохиогдохоор төлөвлөгдөөд байна. Гэвч сүүлийн өдрүүдэд Италид коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа нь/нийт 24747 тохиолдол/ гишүүн орнуудын санааг ихээхэн зовоож байгаа юм.

Эх сурвалж: BBC