Д.Сумъяабазар: Ирэх сарын 15 гэхэд шатахууны үнийг 200 төгрөгөөр буулгана

Д.Сумъяабазар: Ирэх сарын 15 гэхэд шатахууны үнийг 200 төгрөгөөр буулгана

Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны нөөц болон үнэ ханшийн асуудлаар шийдвэр гаргасан байна. Энэ талаар Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шатахууны үнэ өчигдрөөс эхлээд тодорхой үе шатаар буурсан. Тодруулбал, 50 төгрөгөөр буурсан. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд литр тутамд нь 200 төгрөгөөр буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дэлхийн зах зээлд үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны  үнэ тасралтгүй унаж байна. Нэг баррель түүхний тосны үнэ өнөөдрийн байдлаар 22 ам доллар байна. Энэ нь газрын тосны хамгийн доод үнэ болоод байна. 1978 онд 18 долларт хүрч байсан.

Иргэдийн зүгээс шатахууны үнийг өнөөдрийн дотор шууд 200 төгрөгөөр буурах ёстой шаардаж байгаа. Манай улсын хувьд газрын тос сарын хоцрогдолтой ирдэг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Энэ сард авчрах нефть тонн тутамдаа 100 доллараар бууж орж ирэх учраас ирэх сард шатахууны үнийг буулгана гэсэн судалгаа байна” гэсэн юм.

Цаашид шатахууны нөөцийг илүү нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс энэ чиглэлд ажиллаж байна гэж тэрбээр мөн хэллээ. Учир нь нефтийн үнэ огцом нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Тэрбээр мөн Тавантолгойн IPO хийх ажилд бэлдсэн байсан ч цар тахлаас болж дэлхийн зах зээлд хямрал нүүрлэж боломжгүй болсон. Энэ Засгийн газрын үед IPO гаргах ажил амжиж хийгдэхгүй нь тодорхой байна. Ер нь бол Монголд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Үүнийг зарим хүмүүс улс төржүүлэх хэрэггүй гэсэн юм.