Н.Энхтайван: МАН-ын мөрийн хөтөлбөр популист бус бодитой үнэн болсон

Н.Энхтайван: МАН-ын мөрийн хөтөлбөр популист бус бодитой үнэн болсон

Өчигдөр /2020.03.23/ эрх баригч МАН Бага хурлаа онлайнаар зохион байгуулж 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталсан. Тус намын мөрийн хөтөлбөрийг бодит амьдралаас тасарсан, мөрөөдлийн жагсаалт болсон тухай шүүмжлэл энэ өдрүүдэд өрнөж байна. Тухайлбал, тус нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “2050 он гэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бүх хүнийг орон сууцтай болгоно. Банкны хүүг дөрвөн жилийн дотор буулгана” зэрэг  заалтыг оруулсан байна.

Энэ мэт популист амлалт ихтэй мөрийн хөтөлбөр болсон гэх шүүмжлэл иргэдийн дунд их байгаа юм. Энэ талаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын ажлын албаны дарга Н.Энхтайванаас асууж тодрууллаа.

СОНСОХ:

-БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ДУНДАЖ ТҮВШИН РҮҮ АВЧРАХЫГ
ГОЛ ЗОРИЛГОО БОЛГОСОН -

-МАН өнөөдөр Бага хурлаа зохион байгуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа. Энэ удаагийн мөрийн хөтөлбөр өнгөрсөн жилүүдийнхээс юугаар ялгаатай, онцлог болсон бэ. Ард иргэдийн эрүүл, мэнд амьдрал ахуй руу чиглэсэн ямар бодлогын ажлыг хийхээр тусгав?

-Манай нам Бага хурлаа зохион байгуулж мөрийн хөтөлбөрөө баталлаа. Маш олон хүн урт, удаан хугацаанд хөдөлмөрлөж байж мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бага орлоготой иргэдээ дунд орлоготой иргэдийн түвшинд хүргэхэд зорьж байгаа юм. Ингэснээр манай улсын нийгэм, эдийн засаг тогтвортой болж урт, удаан хугацааны хөгжлийн суурийг тавьж өгнө гэж үзэж байна. Мөн нийгмийн тэгш бус байдлыг арилгаж чадах юм. Мөрийн хөтөлбөрийг батлахдаа үндсэн 5-6 зарчмыг баримталсан.

НЭГДҮГЭЭРТ, Иргэдээ сонсож санал хүсэлтийг нь мөрийн хөтөлбөртөө бүрэн хамруулсан. Давхардсан тоогоор 9931 саналыг хүлээн авсан.

ХОЁРДУГААРТ, Хөтөлбөр популист биш бодитой, үнэ байх гэдэг зарчмыг баримталсан. Улс төрийн нам, эвсэл болон улс төрчид мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан ард иргэдийг хуурдаг. Тухайлбал, МАХН иргэдийг үнэгүй орон сууцанд оруулна гэсэн популизм хийсэн. Мөн олон улс төрч цалинг нэмэгдүүлнэ гэх мэт тооцоо, судалгаагүй амлалт өгдөг.  Харин МАН үүний эсрэг ажилласан.

ГУРАВДУГААРТ, Мөрийн хөтөлбөрт нэг ч салбар, нэг ч иргэний асуудлыг орхигдуулахгүй байхыг хичээсэн. 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөр 312 заалттай байсан бол энэ удаагийнх 740 орчим заалттай болсон. Энэ нь иргэн, байгууллага бүрийн асуудлыг орхигдуулахгүй тусгасан гэсэн үг. Тийм ч учраас МАН таван том бүлэг, 14 дэд бүлэг, 740 заалттай том хөтөлбөр баталлаа.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Иргэдэд тулгарч буй хамгийн эхний асуудлыг шийдэх зарчмыг баримталсан. Өнөөдөр иргэдэд тулгамдаж буй асуудал бол ажилгүйдэл, орон сууц, банкны зээлийн асуудал байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд тооцоо, судалгаа гарган ажилласан. Мөн аль болох халамжийн бодлогоос зайлсхийх зарчмыг баримталсан.

ТАВДУГААРТ, Шинжлэх ухаан, эрдэмтдийн саналд үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Коронавирусээс үүсч болох эрсдлийг даван туулахын тулд ямар төлөвлөгөө, бодлого барьж ажиллах вэ гэдгээ ч тооцоолсон гэдгийг онцолмоор байна.

-БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОЛОМЖ БИЙ.
БИД СУДАЛЖ ҮЗСЭН-

-Популист биш бодит, үнэнд нийцэх мөрийн хөтөлбөрийг баталсан гэлээ. Нийгмийн даатгал төлдөг бүх иргэнийг орон сууцтай болгоно гэдэг нь популист амлалт биш юм уу. Мөн биз дээ?

-Нийгмийн чиглэл тэр дундаа иргэдийг орон сууцжуулах талаар маш тодорхой заалтууд багтсан. Эдийн засгийн судалгаанд үндэслэж энэ заалтыг оруулсан. Дэлхийн хөгжилтэй орнууд эдийн засгийн энэ үед нийгмийн асуудлаа хэрхэн шийдэж ирсэн туршлагыг бид нарийн сайн судалсан. Тухайлбал, Сингапур улс нийгмийн шилжилтийн үедээ орон сууцныхаа асуудлыг амжилттай шийдсэн туршлага бий. Энэ туршлагыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Орлого багатай айл, өрхийг бага талбайтай орон сууцтай болгох боломж бий.

-Тэгвэл энэ ажлаа та бүхэн өнгөрсөн жилүүдэд хийгээд эхлүүлэхгүй яасан юм. МАН олон жил засаг барьчихаад орон сууцны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээгүй шүү дээ?

-Бид маш сайн тооцоо судалгаанд үндэслэсэн. Дорноговь болон Ховд аймагт олон зуун айлыг мкв нь 600 мянган төгрөгийн орон сууцаар хангаж чадсан байна. Бид туршлагатай болоод явж байна. Том биш жижиг талбайтай орон сууцанд иргэдээ оруулах асуудлыг ярьж байгаа юм.  Аудитын шалгалтаар ороод баталгаажсаны дараа тодорхой мэдээлэл өгч болно.

-Тэгвэл ажилгүй иргэдийг ажилтай болгоно гэсэн заалтыг тодруулмаар байна. Яаж?

-Татвар, санхүү, зөв засаглал, мөнгөний аргаар дамжуулан иргэдээ дундаж давхаргын эгнээнд оруулах бүрэн боломж бий. Ирэх дөрвөн жил улсын хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тооцоолол бий. Энэ төслүүдийн жагсаалт гарсан. Үүнийгээ хэрэгжүүлнэ. Энэ нь эдийн засагт үр ашгаа өгнө.

-Жишээ нь хэдэн хүнийг ажилтай болгох юм?

-Мөрийн хөтөлбөр аудитаар орж батлагдаагүй байгаа учраас нарийн тоо мэдээлэл өгөх боломжгүй байна.  

-Бага хурлын үеэр гишүүдийн хамгийн их шүүмжлэлтэй хандсан заалт юу вэ?

-Бага хурал цахим хэлбэрээр хуралдсан. Ямар нэгэн зарчмын санал хураах хэмжээний асуудал гараагүй. Ажлын хэсгийн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж баталлаа. Мэдээж Бага хурлын гишүүн бүрээс нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тодорхой саналууд гарсан. Гэхдээ тэр бүрийг бүрэн тусгах боломжгүй. Зөвхөн чухалыг нь оруулна.