Хандивын “30 мянган хонь” хэрхэн цугларч, эздэдээ очих тухай баримтад киног CCTV, ТВ2 телевизүүд бүтээж байна

Хандивын “30 мянган хонь” хэрхэн цугларч, эздэдээ очих тухай баримтад киног CCTV, ТВ2 телевизүүд бүтээж байна

БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн нь Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд ороод байсан юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн дээрх айлчлалын дараа зарим аймаг, сумд болон иргэд БНХАУ-д хонь хандивлахаа мэдэгдсэн эхэлснээр, 30 мянган толгой хонины нэлээдгүй хэсэг нь хандиваар бүрдээд байсан юм. 

Тухайлбал, Булган аймаг 1500, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Завхан аймаг 2234 хонь, Ховд аймаг 1000 хонь, Сүхбаатар аймаг 2000 хонь, Завхан аймаг 2234 хонь, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь зэргээр хандивласнаар 20 орчим мянган толгой хонь иргэд, байгууллагын хандиваар бүрдсэн юм. 

Тэгвэл Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивлаж байгаа "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийж, хэрхэн эздэдээ очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа ажээ. 

Тус телевизүүдийн хамтарсан баг саяхан хандивын аянд нэгдсэн Төв аймгийн Заамар сумын малчин Ц.Хандсүрэнгийн хотонд зураг авалт хийсэн талаар ТВ2 телевизийн захирал Э.Энхтуяа мэдээлжээ. Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа БНХАУ-ын иргэд цахим орчинд “Хятадын ард түмэн Монголчуудын ачийг үүр санан дурсах болно, Баттулга ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа, Хятад Монголын эв найрамдал үүрд мандан бадраг, Хятадын ард түмэн үүрд санан дурсах болно маш их баярлалаа” зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байсан билээ.