МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын хэсэг байгуулах, мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрсэн аж. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, байнгын хорооны шийдвэр гаргах шийдэлд хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Захиргааны тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулна. Монголын дипломат нар маш их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан асуудал үнэхээр харамсалтай хэрэг. Гурав дахь өдөр Аюулгүй байдлын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно. Шаардлагатай бол нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ” гэлээ.