Хуульч Ч.Өнөрбаяр: Энэ засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно

Хуульч Ч.Өнөрбаяр: Энэ засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн 2019 онд төрийн эрх баригч МАН-ын гишүүд баталсан. Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25-ны 12 цагаас эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Тус өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн 4 нь УИХ-ын гишүүдээс сонгогдож давхар албан тушаалтай байх бол, үлдсэн Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд парламентын гишүүдээс сонгохгүйгээр гаднаас томилох юм. 

Иймд одоогийн У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга “2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах” уриалга гаргасан нь түүнийг төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлнэ гэж хэвлэлүүд онцолж байна. Энэ бүх асуудлаар хуульч, доктор Ч.Өнөрбаяраас хэвлэлүүд байр суурийг нь сонслоо. 

Хуульч, Доктор Ч.Өнөрбаяр

-ТАВДУГААР САРЫН 25 НД ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ҮНДСЭН ХУУЛИЙН ЧАДАМЖГҮЙ БОЛНО-

Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой нэлээд олон заалтууд энэ оны тавдугаар сарын 25-нь мөрдөгдөнө. Энэ өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал байгаа. Өмнө нь Засгийн газрын гишүүдийг хүн тус бүрээр нь хэлэлцэж баталдаг байсан бол тавдугаар сард мөрдөгдөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдээ бүрдүүлдэг, УИХ,  Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог  болж байгаа. Мөн Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөдөг болж байгаа.

Иймд Ерөнхий сайд тавдугаар сарын 25- наас өмнө Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний төслийг УИХ-тай зөвшилцөөд УИХ-д оруулах ёстой. Мөн шинэ засгийн газрын гишүүдийн “Тангарагийн төсөл бэлэн болсон байх ёстой.  Энэ Тангарагийн төсөл дээр иргэдээс санал авах ёстой гэж би харж байна. 

Өнөөдрийн засгийн газар 100 хувь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр 4 сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. Ерөнхий сайд нь аль гишүүдээс авч үлдэх нь УИХ-д 63 суудалтай байгаа МАН-ын дотоод асуудал. Ямар ч тохиолдолд Үндсэн хууль мөрдөгдөх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно. Нэг үгээр хэлбэл энэ Засгийн газрын шийдвэр, тогтоол Үндсэн хуулийн биш болох учир Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй. Нөгөөтэй Үндсэн хууль бол Улс орны хувь хамгийн дээд хүчин чадалтай хууль байдаг. Энэ хуулийн дагаж мөрдөх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийн дээгүүр давж гардаг төр засаг, том дарга байж болохгүй. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх ёстой. Харин эрх баригчдын бэлтгэл хангагдсан уу гэдэг дээр би эргэлзэж байна. Гэтэл өнөөдөр хуулийн төслөө эрх баригчид ярихгүй байгаа” гэсэн юм. 

-ҮНДСЭН ХУУЛИАР ТОГТООЖ ӨГСӨН УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХУГАЦААГ БАРИМТЛАХ НЬ ЗӨВ-

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын өчигдөр гаргасан УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай уриалга дээр тэрээр “УИХ ээлжит бус чуулган зарлаж, асуудлыг томоор нь хэлэлцэж, онцгой дэглэмийн үед ажиллах холбогдох хуулийг нь гаргаж өгөх ёстой. Засгийн газар улсын нөөц хөрөнгө, хандиваар асуудлыг шийдээд яваад байж болохгүй. Иймд төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ санааг Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ тусгасан байсан. 

Ээлжит бус сонгуулийг хойшлуулах асуудалд бол тогтмол сонгууль гэдэг бол Үндсэн хуультай ардчиллын тулгуур баталгаа юм. Үүнийг өөрчлөх дээр анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй.

Нөгөө талдаа Монгол улсад буруу жишиг тогтоож болохгүй. Тухайлбал, нэг асуудал гаргаж ирээд сонгуулийг хойшлуулдаг буруу жишиг рүү орчих вий гэсэн болгоомжлол миний хувьд байна. Энэ утгаараа парламентын сонгууль гэдэг бол Ардчиллын баталгаа учир онцгой байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж Үндсэн хуульд тусгаад байгаа юм. Энэ хугацааг хатуу зааж өгөхгүй бол ардчилалд аюулд учирдаг, хэн нэгэн хүн сунжруулаад албан тушаал дээрээ хадаатай байгаад байж  болзошгүй учир энэ асуудлыг Үндсэн хуулиар хааж өгдөг юм. Иймд Үндсэн хуулиар тогтоож өгсөн хугацааг баримтлах нь зөв” гэсэн байр суурийг илэрхийллээ.