Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөж байна

Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөж байна

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хилийн боомтуудыг хаагаад байгаа. Тэгвэл Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Ингэхийн тулд тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйтгэх пунктыг ашиглалтад оруулах шаардлагатай. Харин энэ ажлын гүйцэтгэл одоогоор 60 хувьтай байгаа бөгөөд долоо хоногийн хугацаанд бүрэн дуусгаж, цаашлаад БНХАУ-тай тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоёр талдаа хэрхэн зохион байгуулах талаар харилцан тохиролцвол 04 дүгээр сарын 04-нд хилийг нээж, тээвэрлэлтийг үргэлжлүүлэх аж. Ингэхдээ тээврийн хэрэгслийн жолоочийг иж бүрэн хамгаалалтын хувцастай байлгаж, машинаас нь буулгахгүйгээр БНХАУ-ын хил дээр ачаагаа солилцох байдлаар тээвэрлэлтийг хийхээр төлөвлөжээ. Энэ нь жолоочийг халдвар авахаас урьдчилан сэргийлж буй явдал бөгөөд ийм тохиолдолд жолооч нарыг тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Газрын тосны тээвэрлэлт хийдэг компаниуд ч ажлаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Улсын онцгой комисст уламжилсан. Эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр тээвэрлэлтийг эхлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Манай зүгээс бүх бэлтгэл хангагдсан. Гагцхүү ариутгалын пунктын барилгын ажил хүлээгдэж байна. Анх энэ ажил эхэлснээс хойш аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг гурван ч удаа энд ирж ажиллан МХГ-ын улсын байцаагч 15 шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан. Энэ шаардлагууд гүйцэд биелээгүй байна. Тэгэхээр хилийг нээх нөхцөл хангагдаагүй байна гэж үзэж байна. Хилийн боомт хамгийн эрсдэлтэй бүс учир шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч байгаа энэ цаг үед МХГ-ын байцаагчийн тавьж буй эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь биелүүлсний дараа хилээ нээх болно гэлээ.

Бичигт боомтоор өдөрт газрын тосны 40-50, төмрийн хүдрийн 20, хүрэн нүүрсний 20-30, жоншны 5-10 гээд нийт 100 гаруй машин тээвэрлэлт хийдэг байна.