Тайландын хаан 20 татвар эмсийн хамт Германы зочид буудалд өөрийгөө тусгаарлажээ

Тайландын хаан 20 татвар эмсийн хамт Германы зочид буудалд өөрийгөө тусгаарлажээ

Тайландын хаан Маха Важиралонгкорн 20 татвар эмсийн хамт Германы өмнөд хэсэгт байрлах тансаг зэрэглэлийн “Grand Sonnenbichl” зочид буудалд өөрийгөө тусгаарласан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Германы Таблоид Билд агентлагийн мэдээлснээр 67 настай хаан орон нутгийн зөвшөөрлөөр зочид буудлыг бүхэлд нь захиалсан байна.

Хэдийгээр тус бүс дэх зочид буудлуудыг коронавирусийн дэгдэлтийн улмаас хаах тушаал гаргасан боловч орон нутгийн зөвлөлийн төлөөлөгч тэдгээр зочдыг нэг бүлэг хүмүүс гэж үзээд байлгахаар болжээ. Гэсэн ч хаантай хамт явсан 119 хүнийг амьсгалын замын өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хэмээн Тайланд руу буцаажээ.

Түүний энэ үйлдлийг олон мянган Тайландчууд улс орныхоо хуулийг зөрчсөн хэмээн шүүмжлэн, эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин тус улсын хуулинд хаант засаглалыг доромжилсон эсвэл шүүмжилсэн хүн бүр 15 жил хүртэл хорих боломжтой байдаг аж.

Гэсэн хэдий ч Вижаралонгкорн Германд амралтаараа аялж байсан гэж мэдэгдсэнээс хойш “Яагаад бидэнд хаан хэрэгтэй гэж” хаштаг /#/ 24 цагийн дотор цахим ертөнцөд тархаж, твиттерт 1,2 сая удаа жиргэсэн байна. Тайландын Нийгмийн эрүүл мэндийн яам өнгөрөгч Бямба гарагт тус улсад коронавирусийн шинээр 109 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1245 болсон талаар мэдэгдсэн юм.

М.Тэргэл

“Grand Sonnenbichl” зочид буудал