БНСУ-д 82 настай хөгшин нулимстай үлдэж, дуучин Б.Батхишиг Монголд ирсэн бололтой

2020-04-09 13:34

ШУУРХАЙ ШТАБ: БНСУ-д үлдсэн гэх 82 настай хөгшинд МИАТ нэмэлт суудал гаргаж өгснөөр Монголд авчирсан

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр /2020.04.08/ БНСУ-руу ээлжит тусгай нислэгийг үйлдэж 264 иргэнийг эх оронд нь авчирсан. Эдгээр хүмүүсийн дунд хүндэтгэх шалтгаангүй залуусыг олноор авчирсан мөртлөө зорилтот бүлэгт багтах хөгжлийн бэрхшээлтэй 82 настай Д.Баттөр гэх буурлыг орхисон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байгаа юм. 

Д.Баттөр гуайн хүүхдүүд өөрийн цахим хуудаснаа “Аавыгаа Монгол руу явуулж чадахгүй байна” гэж бичсэнийг Улсын онцгой комиссын шуурхай штабынхан олж харсны үндсэн дээр холбогдох арга хэмжээг даруйхан авчээ. Үүний үр дүнд өчигдрийн нислэгээр Д.Баттөр гуай эх орондоо ирсэн байна.

Энэ талаар Улсын онцгой комиссын шуурхай штабаас тодруулахад “Хөдөлмөрийн баатар, 82 настай Д.Баттөр гуай өчигдөр эх орондоо ирсэн. Охиных нь мэдээллийг хараад бид асуудлыг нь тодруулсан. Ингээд МИАТ компани нөхцөл байдлыг нь ойлгож өчигдрийн онгоцонд багтаах асуудлыг зохицуулсан. Гол асуудлыг МИАТ компани зохицуулж нэг хүний суудал гаргасан юм. Бидний авсан мэдээллээр Д.Баттөр гуай Солонгост эмчлүүлж байсан юм байна гэж ойлгосон” гэлээ.

2020-04-09 08:16

БНСУ-д 82 настай хөгшин нулимстай үлдэж, дуучин Б.Батхишиг Монголд ирсэн бололтой

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу МИАТ компани өчигдөр /2020.04.08/Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, тус нислэгээр БНСУ-аас 264 иргэн эх орондоо иржээ.

Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь жирэмсэн эмэгтэй, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл, 50 нь хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд байсан гэж Улсын Онцгой комисс /УОК/-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.

-ТАВАН ШАЛТГААНТАЙ ИРГЭДИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИД БҮРТГЭХ БАЙВ -

Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байгаачлан зорилтод бүлгийн иргэд өчигдрийн нислэгээр БНСУ-аас ирсэн гэдэг нь эргэлзээтэй болоод байна. Учир нь тус нислэгээр зөвхөн “Эмчийн хяналтад байгаа хүнд өвчтөн”, “Жирэмсэн эх”, “Түр хугацаагаар хүүхэдтэйгээ зорчсон эцэг, эх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Өндөр настан” гэсэн иргэдийг авч ирнэ гэж шийдвэрлэсэн байдаг. Ингээд дараах таван шалтгааныг хангаж байгаа иргэд энэ сарын 4-ны өдөр Элчин сайдын яам /ЭСЯ/-ны тусгай дугаарт холбогдож 11:00-18:00 цагийн хооронд бүртгүүлэх ёстой байсан ч, тухайн өдөр 11:00-14:00 цагийн хооронд бүртгэл явагдаад, бүртгэлийн тоо дууссан гэх шалтгаанаар зогсоосон байдаг.

-ЗОРИЛТОД БҮЛГИЙН ЗАРИМ ИРГЭД ТОДОРХОЙ БУС ШАЛТГААНААР ЭХ ОРОНДОО ИРЖ ЧАДСАНГҮЙ-

Гэтэл тус нислэгээр дээрх зорилтод бүлгийн иргэдэд тодорхой боломж байсан хэдий ч, өөр хэн нэгэн тэдний өмнөөс ирсэн үү гэсэн хардлагыг төрүүлж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, 82 настай Д.Баттөр гэх буурал өчигдрийн нислэгт багтаж, эх орондоо ирж чадалгүй БНСУ-ын Инчеоны нисэх буудал дээр үлдсэн байж болзошгүй байна.  

Тэрээр БНСУ дахь Элчин сайдын яам болон УОК-д гаргасан гомдолдоо “Цусны даралт харвалтын улмаас биеийн нэг тал саажилттай болж Солонгос улсад эмчилгээнд ирж эмчлүүлдэг. Улмаар 2-р сарын 25нд Эх орондоо буцах нислэгийн тийзтэй байсан боловч нислэг зогссон шалтгаанаар явж чадаагүй… 3-р сарын 11нд мөн бүртгэж өгөөгүй ингээд 2 удаа бүртгэлд хамруулж өгсөнгүй. Солонгос дахь Элчин сайдтай 4-р сарын 2нд холбогдож учир байдлаа танилцуулахад хамгийн эхний нислэг тодорхой шийд гарахаар буцах асуудалд анхаарч өгнө гэж хэлсэн. Гэвч 4-р сарын 8ны нислэгийн тов гарангуут холбогдох гэж нийт 653 удаа залгасан ч 1 ч удаа утсаа авсангүй” гэжээ. 

Гэтэл "Люмино" гэх хамтлагийн дуучин баажий буюу Б.Батхишиг өчигдөр /2020.04.08/-ийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн бололтой. Тэрээр өөрийн сошиал хуудастаа өөрийн сэтгэгдлийг, зургийн хамт нийтэлжээ. Түүний мэдээллээс үзвэл тэрээр хоёр сарын дараа Монголд ирж байгаа бололтой.

-ЗАЛУУС ДАРААГИЙН НИСЛЭГИЙГ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭЖ БОЛОХ МЭТ-

Эх орондоо ирэх, гадаадад зорчих нь Ардчилсан Монгол улсын иргэн бүрийн Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө, гэхдээ коронавирусийн тархалттай, ихэнх улс орнууд хилээ хаасан, онцгой байдлын энэ үед хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтод бүлгийн иргэд эх орондоо ирэх нь хүнлэг, шударга ёсонд нийцнэ. 

Мэдээж хүн бүрд ардаа үлдээсэн ажил, тэднийг хүлээх гэр бүл нь байгаа. Гэхдээ л залуус дараагийн нислэгийг тэвчээртэй хүлээж болох мэт. 

Учир нь Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр таван шалтгааныг хангаагүй зарим иргэд Монголдоо нэлээдгүй ирсэн байна. Тодруулбал, өчигдөр БНСУ-ын Инчеоны нисэх буудал дээр манай зарим иргэд энэ тухай асуудлыг дэвшүүлж, шүүмжлэл өрнүүлсэн байна.