Д.Цогтбаатар: Халдвар гарснаас хойш зургаан мянга гаруй иргэн эх орондоо ирсэн

Д.Цогтбаатар: Халдвар гарснаас хойш зургаан мянга гаруй иргэн эх орондоо ирсэн

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Сүүлийн үед манай онцгой комисс МИАТ компанитай хамтраад 10-аад чартер нислэг хийсэн. УОК-оос таван шаардлагыг тавьж байгаа өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өвчтэй гэх мэт. Сөүлээс ирж байгаа тохиолдлуудад дандаа дээрх шаардлагыг хангасан хүмүүс ирж байгаа.

Харин бусад улсад харьцангуй цөөн хүн байгаа учраас таван шалгуур үзүүлэлтээс гадна бусад иргэд багтаад ирэх суудал гарсан. Сөүлийн эхний бүртгэлийг ЭСЯ дээр зохион байгуулсан бөгөөд ирсний дараа хоёр халдвартай тохиолдол гарсан тул эрсдэлтэй гэж үзээд утсаар бүртгэл хийж байгаа. Гэхдээ эхний нислэгийн бүртгэл хийгдэхэд л 500 гаруй хүн болчихсон байсан.

Өчигдөр ирсэн бүртгэл гэхэд өглөө эхлээд 14:00 цаг гэхэд суудал дүүрчихсэн учраас иргэдэд хоосон найдлага төрүүлээд яахав гээд бүртгэлээ хаасан. 

Түрүүн хэлсэнчлэн Европоос гэхэд 15, 16 суудал хоосон байсан учраас манай улсын гурав дахь ерөнхийлөгч Москвагаас тийзээ захиалаад яваад ирсэн. Яг тийм журмаар буюу суудал байсан учраас Берлинээс ирсэн нэг оюутан ирээд халдвартай нь батлагдаж, эмчилгээ хийлгээд гарсан.

Халдвар гарснаас хойш галт тэрэг болон тусгай үүргийн нислэгээр 6,000 гаруй иргэн маань эх орондоо ирсэн.

Бид иргэдээ авчрах ажлыг боломжоороо зохион байгуулна. Иргэдийн зүгээс олон хүсэлт тавьж байгаа. Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхан ирээд карантинд орчихож байна. Тиймээс олон улсын нислэг очиж байгаа улсууд руу нисэж байгаа. Иргэд маань аргалаад тухайн улсад оччихвол эндэх нөхцөл боломжоо судлаад боломжоороо очоод авна." гэлээ.