Хэрчсэн гурилын үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ

Хэрчсэн гурилын үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ

Мэргэжлийн хяналтын газраас энэ онд  ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 88 аж ахуйн нэгж, таван иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар нийт 632 зөрчил илэрснээс 382 буюу 60.4 хувийг арилгуулж хугацаатай албан шаардлага, даалгавар хүргүүлж, зөрчилд торгууль шийтгэврийн арга хэмжээ авсан байна.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ
1. Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, дотоод бүтэц, өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, их засвар хийгээгүй, агуулахын стандарт шаардлагыг хангаагүй 

2. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 60-13 тоотод суух иргэн А нь ахуйн зориулалттай байранд хэрчсэн гурилын үйлдвэрлэл явуулсан, хашаандаа гүний худагтай, худгийн ус нь лабораторийн шинжилгээний дүнгээр нянгийн тоо их гарсан нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын шаардлагыг хангаагүй. 

3. Баянзүрх дүүрэгт байрлах Сэрж Интернэшнл ХХК-ийн Милая цех, Русская зима ХХК, Чингэлтэй дүүргийн Ариун Сүлжээ ХХК, Эл эс кэй ХХК, Сонгинохайрхан дүүргийн Шилүүстэйн гол ХХК-ууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажилчиддаа бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл дутуу, магадлагаа, баталгаажилт дутуу, Баянгол дүүргийн Мөнх Ундармал ХХК нь холбогдох тушаал шийдвэрт заагаагүй “Бичил-Лаб” нян судлалын лабораторид ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна.

4. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Хатан шигтгээ ХХК, Чингэлтэй дүүргийн Агниста веган фүүд ХХК, БНД-ийн Гүн галуут цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний 14.1 хувьд нь нянгийн бохирдолттой E.Coli, колиформ, Enterobakter илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байжээ.

5. Сонгинохайрхан дүүргийн Энэр хүнс ХХК, иргэн А-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, хэв багаж хэрэгсэл нь хүнсний зориулалтын бус, цэвэрлэгддэггүй бохир зэвэрсэн байна.

6. Сонгинохайрхан дүүргийн Хатан шигтгээ ХХК, иргэн Ш, А нар, Багануур дүүргийн Дэлгэр нуга ХХК нь буцаалт татан авалт, устгалын талаар заавар журамгүй, бүртгэлгүй хөтлөж хэвшээгүй байна.

7. Баянзүрх дүүргийн Поппи бэйкэри ХХК, БГД-ийн Нарантист ХХК, Анвад ХХК, Мөнх ундармал ХХК, СХД-ийн Иргэн Б. Шинэдулам, Хаан чипс ХХК, Энэр хүнс ХХК, ЧД-ийн Эл Эс Кэй ХХК-ийн Nan бэйкэри гурилан бүтээгдэхүүний цех, Ариунсүлжээ ХХК-ийн Зөв амттай хэрчсэн гурилын цехүүд, ГУМ ХХК, Сангийн далай групп ХХК-ийн согтууруулах ундааны үйлдвэрүүд нь байгууллагын дотоодын хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн технологийн горим, дотоод хяналтын журмын мөрдөлтөнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, дотоод хяналтын журамтай боловч илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаггүй зөрчлүүд илэрчээ.