Истанбулыг зорьсон тусгай үүргийн онгоц хөөрлөө

Истанбулыг зорьсон тусгай үүргийн онгоц хөөрлөө

Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.05.13/ 09.30 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд голлон ирнэ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлэл өгөхдөө “УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадаас иргэдээ үе шаттай авч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Эдгээр иргэдийг бүсчлээд тоон мэдээлэл болон хүндэтгэх үзэх шалтгаанаар нь ангилсан. Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авна. Тодруулбал, маргааш /2020.05.13/ МИАТ компани Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ татан авахаар болсон” гэдгийг хэлсэн юм.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат зорчигчдын мэдвэл зохих дараах зүйлсийн талаар анхааруулсан. Тэрбээр "Нэгдүгээрт, Турк, Энэтхэгийн болон дараагийн нислэгээр эх орондоо ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөхийг анхааралдаа аваарай. Уг мэдээлэлд үндэслэн Монголд ирээд тухайн хүнийг тусгаарлан ажиглах байрны алинд нь, хаана хуваарилахыг шийддэг. Мөн орж гарсан  газруудаа гүйцэд бөглөх хэрэгтэй. Тусгай үүргийн онгоцонд МХЕГ-ын харьяа Хилийн хяналтын улсын хоёр байцаагч /эмч мэргэжилтэй/ иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Арав орчим цагийн нислэг тул хувь хүмүүс бэлтгэлээ сайтар хангахыг хүсэж байна. Тухайлбал,

  • Онгоцонд N95 маск зүүвэл халдвараас сэргийлэх магадлал өндөр
  • Суудлаа солихгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
  • Идэж, уух зүйлээ тохируулах
  • Эмчийн тавьсан шаардлагыг хангах
  • Бага насны хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ хоол ундны бэлтгэлийг хангах
  • Эрүүл мэндийн хуудсан дээр суудлынхаа дугаар, явсан орноо заавал бичих ёстойг анхааруулав.