TASS: АНУ болон ОХУ-ын эрдэмтдийн хийсэн нээлт нь “COVID-19” цар тахлыг ялах том итгэлийг хүн төрөлхтөнд өглөө

TASS: АНУ болон ОХУ-ын эрдэмтдийн хийсэн нээлт нь “COVID-19” цар тахлыг ялах том итгэлийг хүн төрөлхтөнд өглөө

АНУ-ын биотехнологийн “Sorrento Therapeutics” компанийн эрдэмтэд баасан гаригт “COVID-19”-ийн халдварыг 100 хувь дарангуйлах чадвартай “STI-1499” хэмээх эсрэг биет илрүүлснээ зарлалаа.

STI-1499 ЭСРЭГ БИЕТ НЬ ВИРУСИЙН ГАДАРГУУГ БҮРХЭЖ,
ДӨРВӨН ӨДРИЙН ДОТОР УСТГАДАГ АЖ

Эрдэмтэд олон тэрбум эсрэг биетүүдэд дүн шинжилгээ хийсний эцэст коронавирусийн халдварын эсрэг үр нөлөөтэй хэдэн зуун эсрэг биеийг олж тогтоосон аж. Үүний дараа эрдэмтэд хамгийн өндөр үр дүнтэй эсрэг биетүүдийг тодорхойлохоор ажиллах явцдаа хүний эсийг “COVID-19”-ийн халдвараас 100 хувь хамгаалах чадвартай “STI-1499” гэх эсрэг биетийг илрүүлсэн байна. Энэхүү антибоди нь вирусийн гадаргууг бүчиж дөрвөн өдрийн дотор устгадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Арав орчим эсрэг биет “ACE2” уургийн молекулыг ашиглан хүний болон бусад хөхтөн амьтны уушгины эсэд коронавирус нэвтрэхээс өөр өөр түвшинд сэргийлж байжээ. Харин “STI-1499” эсрэг биет нь бүх тохиолдолд маш амжилттай хамгаалж байсан байна.

Биотехнологийн “Sorrento Therapeutics” компанийг үүсгэн байгуулагч, доктор Хенри Жи “STI-1499” эсрэг биетийг коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэсэн байна. Гэсэн ч судалгааг зөвхөн лабораторийн төвшинд хийсэн бөгөөд компани энэхүү антибодиг эмчилгээнд турших зөвшөөрлөө аваагүй байгаа юм.

Тэрээр “Энэхүү нээлтийг эмчилгээнд хэрэглэснээр дэлхийн бүх улсууд хөл хориогоо зогсоох боломжтой болно. Хэрэв бид энэхүү антибодиг хүнд амжилттай туршиж чадвал хүмүүс тусгаарлагдах шаардлагагүй болно” гэжээ.

“Хэрэв эсрэг биет нь вирусийг хүний биеийн эсэд нэвтрүүлэхгүй бол вирус амьдарч чадахгүй. Вирус эсэд нэвтэрч чадахгүй бол тэд үржих боломжгүй болно. Өөрөөр хэлбэл вируст эсэд нэвтрэх боломж өгөхгүй бол эцэстээ үхнэ гэсэн үг юм” гэж тэрбээр тайлбарлажээ.

ЭНЭХҮҮ НЭЭЛТИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭСНЭЭР ДЭЛХИЙН БҮХ УЛСУУД
ХӨЛ ХОРИОГОО ЗОГСООХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Мөн ОХУ-ын Холбооны биоанагаахын агентлагийн тэргүүн Вероника Скворцова өнгөрөгч баасан гаригт тус улсын эрдэмтэд малариа өвчний эсрэг “Mefloquine” эм нь “COVID-19”-ийг 48 цагийн дотор дарангуйлах чадвартай болохыг клиникийн өмнөх туршилтаар тогтоосон болохыг мэдэгдсэн. Доктор Вероника Скворцовагийн хэлснээр маш бага тунгаар хэрэглэх боломжтой уг эмийг “COVID-19”-ийн эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор давхар ашиглах боломжтой аж.

Коронавирусийн эсрэг одоогоор нэг ч вакцин амжилттай гарган авч чадаагүй байгаа энэ үед АНУ болон ОХУ-ын эрдэмтдийн хийсэн энэхүү нээлт нь “COVID-19” цар тахлыг ялах том итгэлийг хүн төрөлхтөнд өгөөд байгаа талаар мэргэжилтнүүд онцолжээ.

ЭХНИЙ ВАКЦИН ГАРАХААС ӨМНӨ СOVID-19 ӨӨРӨӨ
УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ МАГАДГҮЙ

“Дэлхий эхний вакцинаа бэлэн болгохоос ч өмнө Covid-19 өвчин өөрөө устаж үгүй болж магадгүй” хэмээн ДЭМБ-ын ахлах хавдар судлаач асан, дэлхийн тэргүүлэх профессор Карол Сикора таамаглажээ.

Тэрбээр “Вакцин бүтээгдэж бэлэн болохоос өмнө вирус өөрөө устаж үгүй болох бодит магадлал бий. Тийм тохиолдол хаа сайгүй байдаг. Би хувьдаа хүн төрөлхтөнд одоо бидний төсөөлж байгаагаас илүү дархлаа тогтсон хэмээн итгэж байна. Бид вирустэй тэмцсээр байх хэрэгтэй ч вирус удалгүй өөрөө алга болно” хэмээн жиргэжээ.

Мэдээж олон хүн түүний эсрэг байр суурь илэрхийлсэн тул Сикора дээрх жиргээгээ одоогийн тодорхойгүй нөхцөл байдлын нэг боломжит хувилбар дэвшүүлсэн хувийн үзэл бодол хэмээн тайлбарласан аж. Тэрбээр ирээдүйд яг юу болохыг хэн ч нарийн тодорхой хэлж мэдэхгүйг онцлоод, хүмүүсийг зай барих дүрмээ дагасаар байхыг уриалжээ.

Дэлхийн олон орон, олон компани цар тахлын эсрэг вакцин бүтээхээр шаргуу хөдөлмөрлөж буй юм. Тэднээс нийт найман вакциныг одоогийн байдлаар хүн дээр туршиж эхэлсэн, 110 вакциныг хөгжүүлсээр байгаа гэдгийг ДЭМБ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: sorrentotherapeutics.com, njfmba.org




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө