СУРВАЛЖИЛГА: Чингэлтэй дүүрэгт хүүхэд гулсуурт дарагдаж хүнд бэртжээ

СУРВАЛЖИЛГА: Чингэлтэй дүүрэгт хүүхэд гулсуурт дарагдаж хүнд бэртжээ

Энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, “Сурагчийн 63” хэмээх гудамжны үзүүрт байрлах тоглоомын талбайн гулсуурт 8 настай охин дарагдаж, ноцтой гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, гулсуурт дарагдсаны улмаас  ОХИНЫ эгэм, хоёр хавирга нь хугарч, уушги нь бяцран хагалгаанд орсон аж.

ЭНЭ АСУУДЛЫГ ХЭН ХАРИУЦАХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхий даяар цар тахал дэгдэж, хөл хорио тогтоогоод буй энэ үед хүүхэд багачууд гэртээ теле хичээлээ үзэж цагийг өнгөрөөхөөс гадна, урин дулаан цаг учир гэрийнхээ ойр орчимд байрлах тоглоомын талбайд өдрийг өнгөрөөж байна. Гэтэл хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлж болох хамгийн тохиромжтой газар нь томчуудын хариуцлагагүй байдал, дүүрэг, хороо хариуцсан удирдлагуудын тоомжиргүй зангаас болж “хүүхдэд хамгийн аюултай, ээлгүй орчин” болж хувирч байгаа нь харамсалтай.

Хэрвээ та бидний хүүхэд ингэж бэртэж, гэмтсэн бол бид хаана хандах хэрэгтэй вэ? Хаана хандаж, гомдлоо барагдуулах вэ? Ахин ийм асуудал гарч, өөр нэгэн бяцхан хүүхэд гэмтэхээс сэргийлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

Энэ асуултын хариултыг олохоор бид эхлээд Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Иргэний танхимын ажилтан Л.Сэлэнгээс тодруулахад “Манай Засаг дарга ар гэрийхэнтэй нь уулзсан. Өөр тодорхой зүйл мэдэхгүй байна” гэсэн хариуг өглөө.

Харин бид гэмтсэн охины ар гэрийхэнтэй нь холбогдох зорилгоор Иргэний танхимын ажилтан Л.Сэлэнгэ, охины ар гэрийнхны утсыг авах боломжтой хэмээснээр Чингэлтэй дүүргийн ХГБХГ-ын мэргэжилтэн гэх н.Энхзул нараас утсаар холбогдон тодруулахад охины ар гэрийхэнтэй нь холбогдох утасны дугаарыг өгөхөөс татгалзсан юм.

ОХИНЫ АР ГЭРИЙХЭНТЭЙ НЬ ХОЛБОЖ ӨГӨХӨӨС
ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ТАТГАЛЗАВ?

Бид тус тоглоомын талбай байрлах Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр дээр очиж тоглоомын талбайг харахад эвдэрч, хуучирсан төмрөн гулсуур зэргийг бүгдийг нь авч, талбай хоосорсон байдалтай болжээ. Харин тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатартай холбогдон утсаар тодруулга авав.

-Тус хороонд хүүхэд гэмтсэн талаар дүүргээс тодруулахад таныг очиж уулзсан гэлээ. Ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Тийм ээ. Холбогдох албан бичиг бүгдийг нь бүрдүүлж ажилласан. Ар гэрийхэнтэй нь уулзсан. Ерөнхийдөө яг  дээрээс нь унасан юм байхгүй. Зураг, тайлбар бүгдийг нь хавсаргаад цагдаагийн байгууллагад өгсөн.

-Ар гэрийнхний зүгээс гаргасан гомдлыг ямар байгууллага барагдуулах вэ?

-Гомдоллоод байх юм алга гэж өчигдөр намайг гэрт нь ороход хэлж байсан. Өөрсдөөс нь асууж болно. 

-Холбогдох дугаарыг нь авч болох уу?

-Хороо ороод авчих. Би хуралтай байна.

Бид тус хорооны Засаг дарга хэлсний дагуу Чингэлтэй дүүргийн 17-р хороонд очиж Нийгмийн ажилтантай нь уулзан тодруулахад “ХГБХГ-ын мэргэжилтэн н.Энхзул аавтай нь холбогдон манай байгууллагын зүгээс ямар туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллах вэ гэж асуухад “та нарын хүнд тусалдаг гэж юу байсан юм, тэр тоглоомын талбайгаа ахиж хүүхэд гэмтэж бэртэхээргүй болго” гэж хэлсэн байсан. Охин хагалгаанд орсны дараа аав нь ахиад шөнө залгаад үг хэлээр доромжилсон байсан. Засаг дарга очиж уулзсан үгүйг мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.

Харин бидний хүсэлтийн дагуу тус хорооны нийгмийн ажилтан н.Энхзул гэх ХГБХГ-ын мэргэжилтэнтэй холбогдон охины ар гэрийнхний утсыг асуухад “ийм тохиолдлууд нууцлалтай байдаг. Өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн юм.

Хүүхэд дарсан гулсуурыг талбайгаас холдуулсан байв

ИЙМЭРХҮҮ ТОХИОЛДОЛ НУУЦЛАЛТАЙ БАЙДАГ ГЭЖ ҮҮ?

Засаг дарга В.Хүрэлбаатар хорооноос очоод ар гэрийнхэнтэй нь холбогдох дугаарыг авч болно гэсэн ч хорооны ажилчид яагаад өгөхөөс татгалзав? Тус хорооны нийгмийн ажилтан яагаад тоглоомын талбайгаас тоглоомуудыг хэзээ авч явсныг ч мэдэхгүй байна вэ? ХГБХГ-ын мэргэжилтэн н.Энхзулын хэлснээр энэ тохиолдол яагаад нууцлалтай байдаг вэ? Олон нийтийн сүлжээгээр хэдийн тархаж, хүмүүсийн дунд эмзэглэх сэдэв болоод буй хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой асуудал тийм нууцлах сэдэв гэж үү?

Ямар эцэг эх хүүхдээ ноцтой гэмтэж, хагалгаанд орчихоод байхад гомдолгүй гээд сууж байх вэ? Хэрвээ засаг даргын хэлснээр гомдолгүй гэж хэлсэн бол яагаад охины аав хорооны ажилчин руу бухимдаж залган, эмээ нь өөрийн нүүр хуудсандаа бухимдсан өнгө аястай сэтгэгдэл оруулсаар байна вэ? Энэ мэт асуулт үлдэж байна. 

Ямартай ч охины хагалгаа амжилттай болсон байна. Бид ар гэрийнхэнтэй нь холбогдохоор ажилласан ч хариу өгөөгүй юм. Уг хэргийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлнэ. 

Хөлбөмбөгийн талбайн шонд дарагдаж, эмийн сангийн утсанд цохиулж нас барсан хүүхдүүдийн хэрэг гарч хүмүүс бүгд л бухимдаж, айж байсан. Энэ хэрэг зөвхөн нийгэмд ил гарч, хүмүүст илүүтэй хүрсэн нь. Үүний цаана хэдэн мянгаараа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Гэтэл ахин томчууд биднээс болж хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөөр л байна. Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсч торнин, тоглож наадах эрхтэй. Харин энэхүү эрхийг нь томчууд бид мөн хороо дүүрэг хариуцсан ажилтан, удирдлагууд хангаж өгөх үүрэгтэй.

Бид охины ар гэрийхэнтэй холбогдож чадаагүй ч “ТВ8” телевизийн сэтгүүлч н.Азжаргал уг асуудлаар нэвтрүүлэг бэлдсэн гэдгийг олж мэдсэн юм. “Эрэл”нэвтрүүлэг өнөө орой 18:00 цагаас үзэгчдэд хүрэх ажээ.