АНУ бэлэн болоогүй байгаа вакцинаас 300 сая тунг түрүүлж авахын тулд мөнгийг нь урьдчилж төлөхөөр болжээ

АНУ бэлэн болоогүй байгаа вакцинаас 300 сая тунг түрүүлж авахын тулд мөнгийг нь урьдчилж төлөхөөр болжээ

Их Британийн Оксфордын их сургууль дээр AstraZeneca компанийн лицензээр Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээж байгаа юм.

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас Оксфордын энэ төслийн явц хамгийн урагштай байгаа.

Тэгвэл АНУ-ын засаг захиргаа уг вакцины ирээдүйд гарах эхний нэг тэрбум тунгийн гуравны нэг орчмыг буюу 300 сая тунг урьдчилан захиалсан тухай эх сурвалж мэдээлжээ. Захиалгыг хүчинтэй болгохын тулд нийт төлбөр болох $1.2 тэрбумыг Трампын засаг захиргаа AstraZeneca-д урьдчилж төлөхөөр болсон байна.

Хэдийгээр вакцин үр дүнтэй болох эсэх нь тодорхой болоогүй байгаа ч АНУ-ын эрх баригчид эдийн засгаа цар тахлын хямралаас богино хугацаанд гаргахын тулд маш их анхаарал тавьж байгаа нь эндээс харагдаж байна.

Дэлхийн улс орнууд хүн амаа яаралтай вакцинжуулах нь эдийн засгаа аврах гол арга зам гэдгийг ойлгож, Covid-19 өвчний эсрэг вакциныг хамгийн түрүүнд олж авахын төлөө өрсөлдөж эхэлснийг энэ явдал бас харуулж байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сард дахин сонгогдох төлөвлөгөөтэй байгаа ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн мэргэжилтнүүдийнхээ анхааруулгыг үл тоон АНУ-ын бүх 50 мужид тогтоосон хорио цээрийн дэглэмийг шат дараалалтай сулруулж эхлээд байна.

АНУ-ын засаг захиргааны урьдчилгаа төлбөр вакцин бүтээх үйл явцыг хурдасгахад чухал түлхэц болохыг AstraZeneca компанийн төлөөлөгч мэдэгджээ. Тус компани Их Британийн засгийн газарт эхний багцаасаа 100 сая тунг нийлүүлэх тохиролцоог хийгээд байгаа.

Covid-19 өвчний эсрэг вакцины эрэлт өндөр байгаагаас AstraZeneca компани зах зээлийн үнэлгээгээрээ Британийн хөрөнгийн зах зээлийн FTSE 100 индексийн топ 10-т багтаад байна.

Эх сурвалж: AFP