Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчдын чансаа шинэчлэгдэж, Б.Ариунцэцэг, О.Хулан нар 30-70 байр урагшиллаа

Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчдын чансаа шинэчлэгдэж, Б.Ариунцэцэг, О.Хулан нар 30-70 байр урагшиллаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос гаргадаг дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчдын чансааг шинэчлэн гаргахад Б.Ариунцэцэг, О.Хулан нар 30-70 байр урагшилжээ. 

Шинэ чансаагаар манай баг 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Харин хэдхэн хоногийн өмнө эх орондоо болсон “Улаанбаатар гранпри” тэмцээнд түрүүлсэн манай тамирчдын чансаа огцом дээшилжээ. Шигшээ багийн төвийн тоглогч Б.Ариунцэцэг 54 дүгээрт жагсав. Тэрбээр өмнө нь 84 дүгээрт эрэмбэтэй байсан бөгөөд 30 байраар урагшилжээ.

Харин Монголын шигшээ багийн ахлагч О.Хулан 125-аас 55 дугаар байр руу дэвшив. Өөрөөр хэлбэл, тэр 70 байраар чансаагаа ахиулсан байна. Холбон тоглогч Ө.Индра Олимпын дараа бэртлийн улмаас тэмцээн уралдаанд оролцоогүй нь чансаанд нөлөөлж 111 дүгээр байр хүртэл ухарчээ. Тэрбээр өмнө нь 79 дүгээрт жагсаж байв. Мөн М.Цэрэнлхамын чансаа таван байраар ахиж 189-т эрэмбэлэгдэв.