АНУ-ын албаны хүны мэдээлснээр, Ормузын хоолой дахь Кешм аралд байрлах пуужин харвах байгууламжид цохилт өгчээ. Энэ нь Иран улс өмнө нь Бахрейн дахь АНУ-ын цэргийн бааз руу халдсаны хариу арга хэмжээ байсан юм.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, Ираны Исламын хувьсгалт гвардын корпусын хөөргөсөн хэд хэдэн дрон Бахрейн дахь АНУ-ын агаарын баазын радарын системийг онилсон боловч “АНУ-ын техник хэрэгсэл болон бие бүрэлдэхүүнд ямар нэгэн хохирол учруулалгүйгээр устгагдсан” гэжээ. Мөн Йемений хуситууд Саудын Арабын зүүнээс баруун тийш чиглэсэн нефтийн хоолойд үйлчилдэг шахуургын станцууд руу дроноор довтолсон гэж мэдэгдсэн бол Саудын Арабын эрх баригчид Эр-Риядын ойролцоо дрон устгасан гэж мэдээлэв.

Ираны арми хөлөг онгоцнуудыг усан замаар “Америкийн хуурамч маршрутаар” зорчихгүй байхыг анхааруулж, Ормузын хоолой болон түүний ойролцоо дор хаяж таван хөлөг онгоц халдлагад өртсөн гэж мэдээлжээ. Мөн Иран тус хоолойн дээгүүр нисэж явсан АНУ-ын хоёр дроныг тусад нь болсон хэрэг явдлын үеэр устгасан гэж мэдэгдсэн байна. Ираны албаны хүн АНУ-ын цохилт Ираны ард иргэд болон дэд бүтцэд хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн юм. Техран АНУ-ын хэвлэлүүдэд гарсан, Иран улс АНУ-ын эсрэг “бохир бөмбөг” ашиглахаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг няцааж, эдгээр мэдээллийг “цаашдын түрэмгийлэл болон дайны гэмт хэрэг үйлдэх шалтаг” хэмээн нэрлэжээ.