Бразилын Амазоны ширэнгэн ойд гаднын ертөнцөөс тусгаарлагдмал амьдардаг уугуул иргэдийн ховор дүрс бичлэг олон нийтэд ил болжээ. Уг бичлэг нь мод бэлтгэгчид, анчид болон мал аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагаа эдгээр иргэдийн амьдрал, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байгааг харуулж байна гэж уугуул иргэдийн эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
ВИДЕО:
Тодруулбал, Их Британид төвтэй, уугуул иргэдийн эрхийг хамгаалах “Survival International” байгууллага мягмар гараг /2026.11.17/-т уг бичлэгийг олон нийтэд хүргэсэн байна. Бичлэгт даваа гараг /2026.11.16/-т Бразилын Мараньяо мужид Засгийн газрын багийнхан болон гаднын ертөнцтэй харилцаагүй амьдарч байсан Ава (Awá) овгийн 20 орчим хүний хооронд болсон ховор уулзалтыг дүрсэлжээ. Уулзалтын үеэр уугуул иргэд хоол хүнс хүссэн байна.
Бразилын уугуул иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг FUNAI-ийн мэдээлснээр, Ава овгийнхон нь Мараньяо мужийн баруун хойд хэсэгт амьдардаг Тупи-Гуарани угсаатны бүлэгт багтдаг бөгөөд тэдний зарим нь өнөөг хүртэл гаднын ертөнцөөс тусгаарлагдмал амьдрах сонголтоо хадгалсаар байгаа аж.
FUNAI агентлаг Reuters агентлагт өгсөн мэдээлэлдээ, Ава овгийн тусгаарлагдмал иргэд Арарибоя уугуул иргэдийн нутаг дэвсгэр дэх тосгоны оршин суугчидтай харилцаж буй дүрс бичлэг, мэдээллийг нягталж байгаагаа мэдэгджээ. Мөн Бразилын Засгийн газар эдгээр иргэдтэй зориуд холбоо тогтоохыг эрмэлзээгүй бөгөөд энэ нь тэдний сонгосон тусгаарлагдмал байдлыг хүндэтгэх бодлоготой нийцэж байгааг онцолсон байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, уулзалт Засгийн газрын хяналтын цэг болон Гуажажара уугуул иргэдийн амьдардаг Тавари тосгоны ойролцоо болжээ. Уг бичлэгийг Гуажажара овгийн иргэд өөрсдөө хийсэн байна. “Survival International” байгууллага уг дүрс бичлэгийг “Амазоны хамгаалагчид” нэртэй бүлгийн хүсэлтээр олон нийтэд хүргэжээ. Тус бүлэг нь хууль бус мод бэлтгэгчид болон бусад гаднын халдлагаас уугуул иргэдийн газар нутгийг хамгаалах чиглэлээр ажилладаг байна.
Гаднын ертөнцтэй удаан хугацаанд харилцаагүй амьдарсан уугуул иргэдтэй холбоо тогтоох нь тэдний амь насанд ч аюул учруулж болзошгүй аж. Тухайлбал, Колумбын Нукак (Nukak) омгийнхон 1980-аад онд гаднын хүмүүстэй анх холбоо тогтоосны дараа халдварт өвчний улмаас хүн амынхаа 40 орчим хувийг алдсан гэж мэдээлжээ. “Хэрэв ой мод байхгүй бол гаднын ертөнцтэй холбоогүй ард түмнүүд ч байхгүй болно” хэмээн Survival International байгууллагын ахлах судлаач Тереза Майо Нукакчуудын талаар “Al Jazeera” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Эх сурвалж: Al Jazeera