Бутаны хааны айлчлал нь "Монгол Улстай харилцаагаа сайжруулах" гэсэн Энэтхэг, Лаос, Тайландын айлчлалын үргэлжлэл байж магадгүй байна

Бутаны хааны айлчлал нь "Монгол Улстай харилцаагаа сайжруулах" гэсэн Энэтхэг, Лаос, Тайландын айлчлалын үргэлжлэл байж магадгүй байна

Бутан улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар  ирэх сард /2024.07/ манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр манай Үндэсний их баяр наадмыг үзэж, сонирхоно гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Иймд олны анхааралд өртөөд байдаггүй Бутан улсын хаан яагаад Монгол Улсад айлчлал хийх болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

- БУТАНЫ ХААНТ УЛСАД МОНГОЛЫН НЭГ ИРГЭН, ХАРИН МОНГОЛ УЛСАД 32 БУТАН ИРГЭН ТУС, ТУС ЗОРЧЖЭЭ-

Сонирхуулахад,  2019 оны аравдугаар сард болсон Японы эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, энэ үеэр Бутан улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчуктай танилцаж улмаар Монголд зочлохыг урьсан байх магадлалтай байдаг. Учир нь Японы эзэн хаан ширээнд залах ёслолд Жигмэ Гэсэр Намжил Ванчук оролцжээ.

Үүнээс таван жил өнгөрсний дараа буюу энэ жилийн Улсын их баяр наадмыг дайруулан Бутаны хаан манайд зочлох нь. Айлчлалын үеэр талууд улс төр, эдийн засгийн хүрээнд харилцан ашигтай хамтын шийдвэрт хүрэхээс гадна 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тогтоосон дипломат харилцаагаа бэхжүүлэхэд илүү анхаарах болов уу гэсэн хүлээлт байна.

Манай хоёр улс нь харилцан хөрөнгө оруулалтгүй, нийт худалдааны эргэлт энэ оны байдлаар 51 мянган ам.доллар байгаа аж. Үүнээс экспорт бүртгэгдээгүй, импорт нь хүнсний хөлдөөсөн ногоо, самар, хатаасан жимс, үр, лаазалсан бүтээгдэхүүн, гурил, чихэр байдаг аж.  

2023 онд  Монгол Улсаас Бутанд хавсран суух Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв. Харин Бутан улсаас манай улсад хавсран суух Элчин сайд Вецоп Намжил энэ оны зургаадугаар сарын 17-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьж, энэ үеэрээ хоёр орны улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж байсан юм.  

Монгол, Бутаны парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Гомбилдоогийн Мөнхцэцэг ажилладаг бол Бутан, Монголын парламентын бүлгийн даргаар Бутаны Үндэсний Ассамблейн дэд дарга Ценчо Вангди ажилладаг аж. Сонирхолтой нь хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог, 2023 онд Бутаны хаант улсад монголын нэг иргэн, харин Монгол Улсад Бутаны 32 иргэн тус, тус зорчсон байна.

-БУТАН УЛСЫН ХААНЫ АЙЛЧЛАЛ НЬ ЭНЭТХЭГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ БАЙЖ МАГАДГҮЙ-

Бутаны хаант улс нь 700 орчим мянган хүн амтай Энэтхэг, Хятадтай хиллэдэг далайд гарцгүй орон. Анх Түвдэд хавчигдсан лам Агваан Намжил 1616 онд  салангид жижиг улсуудыг нэгтгэн улс болгосноор Бутан улсын үндэс суурь тавигдсан гэжээ. Харин 1910 онд Их Британи улсад хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон нь болсноор тусгаар улс болжээ.  Бурханы шашинтай амар амгалан орон учраас аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг ч туйлын ядуу орон.

Геополитикийн хувьд Хятадтай таарамж муутай бөгөөд 2013 онд гэхэд Хятадын тал тус улсад хэд хэдэн газар цэргийн баазаа байрлуулахаас гадна түлш тээвэрлэж явсан гэх мэдээлэл гарч байжээ. Энэ үеэр Бутан улсаас НҮБ-д хандаж байсан байна. Харин зарим судлаачид “Бутаны хаант улсыг Энэтхэг хамгаалж байдаг тулдаа Хятадаас тусгаар тогтнолд нь аюул учруулж чаддаггүй” хэмээн тэмдэглэжээ. Учир нь Бутаны хаант улс нь Энэтхэгтэй онцгой харилцаатай бөгөөд гадаад бодлогын салбарт Энэтхэгийн засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог байна. Мөн Бутаны нийслэл Тхимпху хотод Энэтхэгийн засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө хүртэл байдаг ажээ.

Энэ бүхнээс харахад Бутан улсын хааны энэхүү айлчлал нь “Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх” зорилгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсад хийсэн Лаос, Тайланд, Энэтхэгийн сайд нарын айлчлалын үргэлжлэл байж магадгүй байна.

Тодруулбал, 2022 онд Лоасын Гадаад хэргийн сайд, Тайландын Шадар сайд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд нар Монголд айлчилсан. Энэхүү  айлчлалуудыг бид “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, Хятадын нөлөөг бууруулахын тулд улс төр, цэргийн эвсэл болох НАТО “Ази-Номхон далай” гэсэн бүсчлэлээ “Энэтхэг-Номхон далай” болгон өргөжүүлсэнтэй холбоотой” хэмээн дүгнэж байгаа. Учир нь  Лаос, Тайланд, Энэтхэг улсууд нь Зүүн өмнө азийн орнууд бөгөөд АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт багтдаг юм. Харин 1910 онд Их Британийн холбоотой болсноор тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, 1971 онд НҮБ-ын гишүүнээр элссэн, өмнөд Азийн Бутаны улсын хааны Монгол Улсад хийх айлчлал нь Лаос, Тайланд, Энэтхэгийн сайд нарын айлчлалын үргэлжлэл гэж дүгнэж болохуйц байна.

Сонирхуулахад,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Р.Синхгид “морь” бэлэглэсэн нь Монгол Улс түүний айлчлалд өндөр ач холбогдол өгч байгааг илтгэсэн нэг илэрхийлэл байв. Учир нь 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилж, “Нефтийн үйлдвэрт зориулж нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо мэдэгдэхэд” манай улс түүнд “морь” бэлэглэж байв. Харин дээр өгүүлсэн бэлгийн морины талаар Р.Синхг өөрийн твиттер хуудастаа, "Монгол найз нөхдийн онцгой бэлэг. Би энэ гайхамшигт гоо үзэсгэлэнг "Тежас" гэж нэрлэсэн. У.Хүрэлсүх ерөнхийлөгчөө баярлалаа. Монгол Улсад баярлалаа"хэмээн жиргэжээ.