БАРИМТ: Б.Бат-Эрдэнэ сайд Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газарт 160 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ

БАРИМТ: Б.Бат-Эрдэнэ сайд Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газарт 160 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ

Үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгосон асуудалд нэр холбогдож, зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан билээ. 

Харин одоогоос хоёр жил гаруйн хугацааны өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард БОАЖ-ын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ "Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй" гэдгийг мэдэгдэж, тусгай хамгаалалттай бүсэд олгогдоод байсан олон газрын эрхийг цуцалж, чөлөөлсөн гэх "автор"-ын эзэн болоод байсан. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ сайд нь 10 хүрэхгүй хоногийн хугацаанд 7 тушаал гаргаж, газар ашиглах эрх олгосон баримтыг бид энэ удаад дэлгэж байна. 

-Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД 10 ХҮРЭХГҮЙ ХОНОГИЙН ДОТОР 7 ТУШААЛ ГАРГАЖ, ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОЖЭЭ-

Б.Бат-Эрдэнэ сайдын газар ашиглах эрх олгох тухай тушаалууд

Б.Бат-Эрдэнэ нь сайдаар томилогдсоноосоо жилийн орчмын дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэлээд олон тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, Дарьгангын байгалийн цогцолборт газарт 160 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар олгосон байх аж. Тодруулбал, тэрбээр

  • 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/604
  • 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/605
  • 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/624
  • 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/626
  • 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/627
  • 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/628
  • 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/645 дугаартай газар ашиглах эрх олгох тухай тушаал гаргаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байна. 

Ингэхдээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, Дарьгангын байгалийн цогцолборт газарт  "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл зөвшөөрлийн дагуу барих" зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ. Харин Богдхан уулын дархан цаазат газарт газар олгохдоо "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон байна.