ТАНАХ БОЛОМЖТОЙ ЗАРДЛУУД: Соёлын сайдын багц, 2-3 дахин нэмэгдсэн гадаад томилолт, тавилга, эд хогшлын мөнгийг танах боломжтой

ТАНАХ БОЛОМЖТОЙ ЗАРДЛУУД: Соёлын сайдын багц, 2-3 дахин нэмэгдсэн гадаад томилолт, тавилга, эд хогшлын мөнгийг танах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж батлуулсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг өнөөдөр /2024.11.22/ намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Ерөнхийлөгчийн хоригийн дараагаар Сангийн сайд Б.Жавхлан ч “Ерөнхийлөгчийн хоригийг эерэгээр хүлээн авч, нааштай өөрчлөлтүүдийг хийнэ. Засгийн газар ч тооцооллуудаа аль хэдийнээ хийсэн байгаа” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар ямар зардлыг танаж, аль төслийг унагахаа хэдийнээ шийдэж, Б хувилбараа боловсруулчихсан байгаа гэсэн үг.

Тэгвэл төсвийн зардлаас танаж болох зардлууд мэдээж маш их бий. Иргэдийн хамгийн их шүүмжилж, чичилсэн төслүүдийг эхлээд авч хаях эсвэл танаж магадгүй. Тодруулбал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн 18 тэрбум төгрөгийн соёлын эрхийн бичиг, тавилга, урсгал зардлын 268 тэрбум төгрөг, мэдээлэл технологийн үйлчилгээний 70 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний 1.9 их наяд төгрөг гэх мэтчилэн УИХ-аас хамгийн их чичилж буруутгаж, иргэдийн зүгээс хамгийн шүүмжилж байсан зардлуудыг эхлээд танаж магадгүй байна.

-ГАДААД ТОМИОЛОЛТЫН 111 ТЭРБУМ, БУСДААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТАНАХ БОЛОМЖТОЙ-

Ирэх оны гадаад томилолтын зардалд 111 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Энэ нь өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн дүн юм. Энэ онд манай улс гаднын маш олон оронд айлчлал хийж, төрийн өндөр дээд олон ч айлчлалыг зохион байгуулсан. Гэтэл энэ төсөв ирэх жил дөрөв дахин нэмэгдэж орж ирсэн байгаа нь иргэдийн гайхшралыг төрүүлж байгаа юм.

Мөн 1 их наяд 857 тэрбум 913.3 сая төгрөгийг бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа нь улсын төсвийн таван хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн жил буюу 2023 онд 957 тэрбум төгрөг байсан бол ирэх оны төсөвт хоёр дахин нэмэгдэж орж ирсэн байна. Энэ зардлыг өмнө нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал. Аливаа байгуллагын гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл биш. Хуулийн этгээдээрээ гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Хурал зөвлөгөөн, магадгүй зөвлөх үйлчилгээний зардлууд байгаа” гэж мэдээлж байв. Иймд энэ зардлыг байж болох хэмжээгээр нь танаж болохоор харагдаж байна.

-СОЁЛЫН САЙДЫН БАГЦААС БОЛОН ТАВИЛГА, ЭД ХОГШИЛД ЗАРЦУУЛАХ 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТАНАХ БОЛОМЖ МӨН БИЙ-

Түүнчлэн “Бусад бараа материал” гэх нэрийн дор 900 гаруй тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ зүйл заалтуудаар халхавчилж хэдэн төгрөг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бус, хэт ерөнхий байгаа юм. Мөн тавилга, эд хогшил, урсгал засварт 268 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь мөн л өнгөрсөн оныхоос 2.2 дахин нэмэгдсэн дүн байгаа бол мэдээлэл технологийн үйлчилгээнд 70 тэрбум буюу өнгөрсөн оныхоос 3.6 дахин нэмэгдсэн дүн байна.

Энд соёлын сайдын багц төсвийг орхигдуулж болохгүй. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайдын багцад багтсан Ховд аймгийн Жаргалант сумын кино театр дахь 1 тэрбум төгрөгийн төсөв, 18 тэрбум төгрөгийн “соёлын эрхийн бичиг” мөн кино урлагийг дэмжих сангийн төсөв 403 саяас 2.5 тэрбум болж нэмэгдсэн зэрэг асуудлууд бий. Нөгөө талаас нь харвал хамгийн их асуудалтай гэгдээд байгаа эрчим хүчний салбарын төсөв 300 сая байхад соёлын сайдад 500 сая гаруй төгрөгийн төсөв зарцуулахаар тавьсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. 

Ийнхүү нийт 35.8 их наяд төгрөгийн 72.8 орчим хувь нь урсгал зардал. Үлдсэн 28 орчим хувь нь хөрөнгө оруулалтын зардал. Иймд урсгал зардлаа танахыг гишүүд ч иргэд ч шаардаж, Ерөнхийлөгч хориг тавиад байгаа тул дээрх зардлуудаас танахыг иргэд нүд, чих тавин хүлээж байна.