СУРВАЛЖИЛГА: Багахангай-Хөшгийн хөндий чиглэлд баригдах төмөр замыг наймдугаар сард ашиглалтад оруулж, Бөхөг хөндийг шинэ суурьшлын бүс болгоно

СУРВАЛЖИЛГА: Багахангай-Хөшгийн хөндий чиглэлд баригдах төмөр замыг наймдугаар сард ашиглалтад оруулж, Бөхөг хөндийг шинэ суурьшлын бүс болгоно

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд өнөөдөр /2025.04.25/ боллоо.

ВИДЕО: 

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3-р зэрэглэлийн төмөр зам нь 102.5 км урттай, 1520 мм өргөн царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.

-БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ ТАВИГДСАНААР УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 20-30 ХУВЬ БУУРНА-

Нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар: Энэхүү төмөр зам Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд 102.5 км үргэлжилнэ. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдээс замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармуудыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа. Тэгвэл төслийн үр дүнд 20-30 хувиар буурна. 

-Б.ДЭЛГЭРСАЙХАН: 240 КМ ТӨМӨР ЗАМЫГ НАЙМАН САРЫН ХУГАЦААНД БАРЬЖ БАЙСАН. 102 КМ ТӨМӨР ЗАМЫГ ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД БАРЬЖ ЧАДНА-

Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Бид 240 км төмөр замыг найман сарын хугацаанд барьж байсан. Тэгэхээр өнөөдөр эхлүүлж буй 102 км төмөр замыг бид дөрвөн сарын хугацаанд барьж чадна гэдэгтээ итгэлтэй. Монголын төмөр замчдад тийм хэмжээний туршлага, нөөц боломж бий. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй ажилтнуудыг татан оролцуулж дөрвөн сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэнэ. 

-М.БАТБАЯР: БӨХӨГ ХӨНДИЙГ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ХҮННҮ ХОТ БОЛГОНО-

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр: Яг одоо бидний нээлтээ хийж буй газар бол Бөхөг хөндий. Энэ газарт төмөр зам тавигдсанаар "Хүннү" хот буюу шинэ суурьшлын бүс бий болж 150 мянган хүн амьдарна. Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах тээвэр логистикийн төв Хүннү хотыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэнэ.