ВИДЕО: "Ачит Ихт"-ийн үнэн материалууд

ВИДЕО: "Ачит Ихт"-ийн үнэн материалууд

УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу зургаадугаар сард "Эрдэнэт үйлдвэр"-ийн хоёрдугаар овоолгыг түвшиглэн байгуулагдсан "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож,  34 хувийг нь төрд авах ажлын хэсэг байгуулагдсан байдаг.  Уг шийдвэр нь улсад өчнөөн төгрөгийн татвар төвлөрүүлдэг тус компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн мөн өдгөө ямар нөхцөл байдалтай байгаа талаарх мэдээллийг бид "Асуудлын өнцөг" буландаа онцолж байна. 

ВИДЕО: 

-"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН БАЛАНСААС ХАСАГДСАН ОВООЛГЫГ АШИГЛААГҮЙ БОЛ ГАМШИГ БОЛОХ ЭРСДЭЛ ОЙРХОН БАЙВ-

1972, 1991 оны “Ашигт малтмалын нөөцийн улсын комисс”-ын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн эдийн засгийн үр өгөөж муу, ядуу агуулгатай хүдрийн хоёрдугаар овоолгыг "Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасах шийдвэрийг  гаргажээ. Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансаас хасагдсан тус овоолго нь 30-40 жил нар салхинд хэвтэхдээ агаарт исэлдэж, цас, борооны ус нэвчсэний улмаас хүчиллэг уусмал бий болж газрын хөрсөнд нэвчин, овоолгын ёроолоор хүнд метал бүхий хүчиллэг ногоон ус урсан гарч ирж байгаль орчныг бохирдуулж, хүн амьтанд сөрөг нөлөөг үзүүлэх болсон аж.

Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийн технологид тохирохгүй, балансаас хасагдсан, ядуу агуулгатай хоёрдугаар овоолгыг түшиглэн “Ачит ихт” компани дэлхийн зэс үйлдвэрлэлийн 20 гаруй хувь нь ашигладаг гидрометаллургийн технологийг ашиглан сул хүчлийн уусмалаар бороожуулж, овоолгын ёроолоос гарч ирсэн уусмалыг нь тосож аваад, урвалжуудыг нэмээд шингэн уусмалаас хатуу биет буюу Лондонгийн металлын биржийн А зэрэглэлтэй буюу таван есийн (99.999%-ийн) цэвэршилттэй зэсийг үйлдвэрлэн гаргаж авч эхэлсэн байгаа юм.

Улмаар “Ачит ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор Эрдэнэтийн 2 дугаар овоолгоос шүүрч байгаль орчинд муу нөлөө үзүүлж байсан хүчиллэг уусмалын урсац бүрэн зогссон байна.

Товчхондоо, "Эрдэнэт үйлдвэр"-ийн энэхүү овоолгуудыг яаралтай ашиглаж хүнд метал бүхий хүчиллэг ногоон уусмалыг “хаягдал усны стандартад нийцүүлэн цэвэршүүлэхгүй” л бол байгаль болоод хүн, амьтанд асар ноцтой хохирлыг учруулах эрсдэлийг дагуулж байж. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн “эдийн засгийн үр өгөөжгүй гээд балансаас хасагдсан” хоёрдугаар овоолгыг цэвэршүүлж, ашиглаад явж байсан “Ачит ихт” компанийн үйлдвэрлэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр гэнэт л зогсоох шийдвэр гарсан нь технологийн горим дахин алдагдах, уусмалын шинж чанар өөрчлөгдөх, мөн Орхон аймагт зургаа, долоодугаар саруудад үргэлжлэн орсон усархаг борооны улмаас цөөрмүүд дүүрч, “хүчлийн уусмал” байгаль орчинд дахин алдагдах нөхцөл байдал үүсчээ.

Иймд 2024 оны долоодугаар сарын 23 /2024.07.23/-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр"-ээс ажлын хэсэг гарч “Ачит ихт” компанийн цөөрмийн нөхцөл байдалтай яаралтай танилцаж, уусмал хадгалах цөөрмүүд 44-110 хувь буюу нийлбэр дүнгээр 97 хувийн дүүргэлттэй, аваарын нөхцөл байдал үүсэж, уусмал хальж асгарах эрсдэлтэй түвшинд хүрсэн байна гэдгийг тогтоож, энэ нь байгаль орчинд ноцтой хохирол учруулах тул “Ачит ихт” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлж, технологийн горимыг жигдрүүлж, эрсдэлийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэжээ.

Ингээд долоодугаар сарын 31 /2024.07.31/-ний өдрийн Засгийн газрын хурлаар “Ачит ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэхийг даалгасан байна. Харин Засгийн газрын шийдвэр гарснаас 20 хоногийн дараа буюу наймдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн “Ачит ихт” компанийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хүргүүлснээр байгаль орчинд “хүхрийн хүчлийн уусмал” алдагдах ноцтой эрсдэлээс сэргийлж чадсан байгаа юм. 

-"АЧИТ ИХТ" КОМПАНИ 34 ХУВИА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-Т ӨГӨХӨӨР 12 УДАА ХАНДСАН Ч АВААГҮЙ БАЙНА-

“Ачит ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр нь улс төсөв болон Эрдэнэт үйлдвэрээс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр дотоод, гадаадын банк хөрөнгө оруулагчаас арилжааны зээл авч бий болсон Монголын үндэсний компани. Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй, исэлдсэн, ядуу агуулгатай, 2 дугаар овоолгыг түшиглэн зэс боловсруулах гэрээг 2010 онд байгуулахдаа, катодын зэсний үйлдвэр ашиглалтад ороход Эрдэнэт үйлдвэрт 34 хувийг, Ачит ихт компани 66 хувийг нь эзэмшихээр тусгасан байгаа юм. 

Ингээд 2014 онд “Ачит ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсон тул 2010 оны гэрээ ёсоор Эрдэнэт үйлдвэрийг “Ачит ихт” компанийн 34 хувийн эзэмшлээ авч, Улс бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлж “Ачит ихт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2 хүнээ оруулах саналыг “Ачит ихт” компаниас албан бичгээр тавьжээ. 

Гэтэл 2014 оны аравдугаар сарын 06-ны Эрдэнэт үйлдвэрээс томилогдсон “Ажлын хэсэг” үйлдвэрийнхээ бүх хэлтсийнхээ санал, зөвлөмжийг авч, “Ачит ихт” компанийн барьсан гидрометаллургийн үйлдвэр нь “Эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай, маш муу төсөл” гэж үзээд Эрдэнэт үйлдвэр эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй тул “Ачит ихт” компанитай иргэний хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тодруулбал, “Ачит ихт” компани 34 хувийн хувьцаагаа Эрдэнэт үйлдвэрт шилжүүлж бүртгүүлснээр Эрдэнэт үйлдвэр тус компанийн хувьцаа эзэмшигч болж, хамтын хариуцлага хүлээх ёстой байтал, “Ачит ихт” компанийн 34 хувийг эзэмшиж эхэлбэл татварын эрсэлд орж болзошгүй, мөн Ачит ихт” компани алдагдалтай ажиллавал уг алдагдлыг Эрдэнэт үйлдвэр хуваалцах эрсдэлтэй тул “Ачит ихт” компанийн 34 хувийг бус борлуулалтын орлогоос өсөн нэмэгдэх хувиар төлбөр авахаар 2010 оны гэрээгээ 2015 онд өөрчилсөн байна.

Ингээд 2015-2024 оны хугацаанд “Ачит ихт” компанийн 34 хувийг эзэмшиж эрсдэл, дарамтыг үүрэхгүйгээр тэдний борлуулсан бүтээгдэхүүний орлогоос “сул ашиг”-ийг Эрдэнэт үйлдвэр олжээ.  

Харин энэ хугацаанд “Ачит ихт” компани 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт үнэгүй эзэмшүүлье” гэсэн саналыг Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирлуудад буюу 2014 онд 1 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа, 2019 онд 1 удаа, 2020 онд 2 удаа, 2021 онд 3 удаа, 2024 онд 3 удаа,  нийт 12 удаа хандсан ч тэд Ачит ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт аваагүй байна. Ингээд “Ачит ихт” компани 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт үнэгүй эзэмшүүлэх хүсэлтэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хариу өгөөгүй тул энэхүү хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Уул уурхайн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гээд төрийн томчуудад хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй байна.

-"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН БАЛАНСААС ХАСАГДСАН ЯДУУ АГУУЛГАТАЙ 2-Р ОВООЛГЫГ АШИГЛААД УЛСАД 500 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ ТӨЛЖЭЭ-

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудыг түшиглэн АНУ-ын RCM компанийн 75 хувийн эзэмшилтэй “Эрдмин” компани, дотоод хөрөнгө оруулалттай “Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь” гэх гурван компанийн үйлдвэр ажилладаг байна. Харин “Эрдмин” болон “Зэс эрдэнийн хувь” исэлдсэн хүдрийг боловсруулдаг бол “Ачит ихт” компани ядуу агуулгатай хүдрээс зэс ялган авдаг байна.

Улмаар Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан, ядуу агуулгатай, хаягдал овоолгоос “Ачит ихт” компани катодын зэс ялган авах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 300 орчим хүнийг ажлыг байраар хангаж, Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн таван есийн цэвэршилттэй зэсийг экспортод гаргаж эхэлжээ.

Мөн “Ачит ихт” компани Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн борлуулсан орлого буюу овоолго ашигласан төлбөрт 29 тэрбум төгрөгийг төлж, улсад ААНБОАТ, НДШ, ХХОАТ, НӨАТ, Гаалийн татвар зэрэг найман төрлийн татварт 391  төгрөгийг төлж, үүнээс орон нутгийн төсөвт 37 тэрбум төгрөг энэ хугацаанд төвлөрүүлжээ.  

Мөн Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Улсын нөөцийн бүртгэлд өөрсдөө нэмж бүртгүүлэн 2017 онд Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсноор АМНАТ-ын төлбөрт 36 тэрбум төгрөг төлсөн бол байгаль орчныг нөхөн сэргээх санд 7,5 тэрбум төгрөг, Газрын төлбөрт 3,1 тэрбум, Ус ашигласны төлбөрт 2,8 тэрбум төгрөгийг төлжээ.